Найз бүсгүйгээ зодож амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн оны 11-р сард гарсан билээ.  

Талийгаачийг Гэмтлийн эмнэлэгт хүргэж яаралтай хагалгаа хийлгэхэд дотор эрхтэнээс нь ганц ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан байна гэх дүгнэлтийг Гэмтлийн эмч нар  дуу алдан хэлж байсан цаг саяхан.  Тодруулбал таван цул эрхтэн нь няцарсан, цөс нь бүх биеэр нь тархсан, зүүн гурван хавирга нь хугарсан, тархины яс нь цөмөрсөн, уушги нь цус хуралттай, бие нь битгүү хөхөрсөн байсныг хагалгаа хийсэн эмч нар ярьж байсан.

Ийм байхад Шүүх эмнэлэгийнхэн  талийгаач Ц нь  архины хордлогын улмаас нас барсан хэмээх  дүгнэлтээ ахин дахин гаргасан байдаг бөгөөд дүгнэлтэд  46 удаагийн цус  хуралтын талаар  огт дурсаагүй байжээ.   Үүгээр ч зогсохгүй шинжээчид  ярьсан хэлснээсээ зөрснөөс болж энэ хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон юм. Тодруулбал  шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч нар нь дүгнэлтээ гаргахдаа санал нэгтэйгээр гаргасан гэх боловч шүүх хурал дээр өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, урьд гаргасан болон сүүлд гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан байна.

Үүнийг ашиглан Г.Алтанхүү “Бид хамт архи уусан, би ганц нэг цохьсон” хэмээн  ярьж байна.  

Тэгвэл  Г.Алтанхүү өмнө нь  талийгаачаас өмнө хоёр ч бүсгүйтэй хамтран амьдарч байсан ажээ. Тэдний нэгийг зулбах хүртэл нь  зодож байсан бөгөөд мөрдөн байцаалтын үед тогтоогдсон байдаг.  Улмаар энэ хэрэг цагдаа шүүхдээ тулахад зохицоод салсан байгаа юм.  Эхийн хэвлийд бүрэлдэж байгаа нялх үрээ зулбатал зодсон ийм хэрэг Эрүүгийн хуулийн 96.1-р  эрүүгийн хэрэг үүсдэг ч тухайн үед эвлэрсэн хэмээн ялгүй хоцорсон байгаа юм.  Харин Г.Алтанхүү хамтран амьдрагч нараа  бүгдийг нь биеэ үнэлэгч байсан хэмээн  шүүх хурал дээр хэлж байна.  

 Харин Ц-г зодсон болон амь насанд нь хүрсэн шалтгаанаа тэрбээр ийнхүү тайлбарласан байна. “Би талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй. Танилцаад шууд буудалд орсон. Нөгөөдөр нь манай гэрт хувцасаа аваад ирэхээр нь хамт амьдардаг болсон.  Гэдсэн дэх хүүхэд нь миний хүүхэд биш. Харин хоёр хавирга хугарсан гэмтлийн тухайд бол би баруун гараараа цохьсон Энэ үхэлд хүргэх хэрэг бол болоогүй гэж бодож байна. Би талийгаачийг хардах хэмжээний хайртай байгаагүй” гж өөрийгөө өмгөөлж байна. 

Энэ бүхнээс үзэхэд  Шүүх эмнэлэг шударга бус ажиллаж байгаа нь илт байгаа юм.  Хэрвээ тэд шударга ажилласан бол өчигдөр  шүүх хурал болдогоороо болж гэм буруутай этгээд ял авах байсан.  Ядаж л талийгаачийн ар гэрийнхний  дарамт бага ч гэсэн нимгэрэх байсан. Тэгтэл Шүүх эмнэлэгийнхэн буруутай ажилласан болохоор өнөөдөр буруутай этгээд ял завших  магадлал ихсэж, “Би янхануудтай амьдарч байсан” хэмээн  том дуугарч, хүний аминд хүрсэндээ харамсахгүй гэдгэр  сууж байна.

Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ээр буюу  бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн,  яллах дүгнэлттэй Г.Алтанхүүд Шүүхийн байгууллага хэдэн жилийн ял өгөхийг  харах л үлдлээ.

А.Баярмаа

http://eagle.mn сайтаас гэрэл зургийг ашиглав