Энэ сарын 8-ны  өдөр “Монос” эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлийн улмаас таван хоногтойгоос  4 сартай 16 хүүхэд өнөөдөрийн байдлаар  Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа билээ.  Одоогоор таван хоногтой, нэг сартай хүүхэд сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа бол бусад нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж  байгаа ажээ.  Эмэнд хордсон хүүхдүүдийн 4 нь ямар нэгэн хавсарсан өөр өвчнөөр өвдөх эрсдэлтэйг эх сурвалж хэлж байна.  

МХЕГ-ын дарга Д.Батмөнх ахалсан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БГД-ийн цагдаагийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг  гарч энэ хэрэг дээр ажиллаж байгаа юм.  Ажлын хэсгийн олж тогтоосноор   23 иргэнд худалдаалсан  Фенобарбитал эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байжээ. Өөрөөр хэлбэл тухайн эмийн үйлдвэр нь улсын бүртгэлд бүртгүүлж байх ёстой атал   бүртгүүлэлгүй  эмийг худалдаанд гаргасан нь  тогтоогдсон байна.  Тиймээс ажлын хэсэг нярай хүүхдүүд мэнд хордсон асуудлыг шалгаад “Фенобарбитал” эмийг худалдаанаас эргүүлэн татах чиглэлийг аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын дарга нарт үүрэг болгожээ.

 

Харин  Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Монос"-ын бүх эмийн санг хааж, шалгахаар болжээ.  Өөрөөр хэлбэл ШӨХТГ-аас   дөрвөн ажлын хэсэг гарсан бөгөөд өнөөдөр 13 цагаас эхлэн бүх салбарыг нь хаах ажээ.

 

А.Баярмаа