Цагдаа хууль бусаар хүн баривчлав
2014/08/13
Баянгол дүүргийн VI хороонд “Бэгдү хотхон”-г барьж байгаа “Эйч Энд Эйч констракшн” ХХК-ийнхан Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн зэвүү дургүйг зэрэг хүргэсэн бололтой юм. Тодруулбал хуулийн, ном журмын дагуу бүх зөвшөөрлөө авч орон сууцны барилга барьж байсан “Эйч Энд Эйч констракшн” ХХК-ийн ажлын байранд уржигдар Д.Оросоо өөрийн биеэр очиж “Наад барилгаа зогсоо үгүй бол баривчлуулна шүү” хэмээн дуугаа өндөрсгөж цагдаа дуудсан байна. Улмаар цагдаа нарыг харцаараа шахам хөдөлгөж, хуулийн дагуу ажлаа хийж байгаа хүмүүсийг зандарсан байна. Түүнийг ийнхүү хуурай агсам тавьж байхад нь тус барилгын компанийнхан бичиг баримт зөвшөөрлөө үзүүлэхийг хичээж, учирласан байна. Улмаар аргаа барахдаа хуулийн зөвлөхөө дуудан ирүүлж Засаг даргад эрх зүйн хичээл зааж омгыг нь дарсан ажээ.
Нийслэлийн засаг даргаас том толгой гаргасан Д.Оросоо өчигдөр Мэргэжлийн хяналтын байцаагчийг илгээн шалгалт хийх тул барилгын ажлаа зогсоо хэмээн үүрэгдүүлсэн ажээ. Үүний дагуу “Эйч Энд Эйч констракшн”-ийнхан тоног төхөөрөмжөө унтраан, эл хуль зүйлсээ цэгцэлж ажилчиддаа хоол, унааны мөнгийг нь тарааж байсан аж. Энэ үеэр нь Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хошууч н.Доржпалам өөрийн биеэр ирж тус барилгын инженер Б.Бямба-Эрдэнийг ажлынх нь байрнаас түр саатуулах тогтоолгүйгээр саатуулжээ. Уул шугамдаа цагдаа нар тус компанийн захирал Я.Ганчулууныг сураглаж ирсэн бөгөөд эзгүй байгааг нь мэдээд ийнхүү барилгын инженерийг саатуулсан байна. Улмаар энэхүү хууль бус үйлдлээ цайруулахаар БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст иргэн Б.Бямба-Эрдэнийг саатуулж байхдаа түр саатуулах тогтоолыг хошууч н.Ганбаатараар гаргуулсан байна. Өөрийнхөө алдааг хууль ёсны болгохдоо хууль сахиулагч хүнээс гарахааргүй том алдаа гаргасан байх юм. Тодруулбал Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хошууч н.Доржпалам Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.2-ыг үндэслэн саатуулжээ. Гэтэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.2-т “Хууль тогтоомжид заасан албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.” гэж заасан байдаг бөгөөд энэ нь баривчлан саатуулах хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй ажээ.
Төрийн хуулийг сахиулах ёстой хүн хуулиа мэдсэнгүй юу эсвэл хэн нэгний хувийн үзэл бодолд тааруулах гэж ажилласан уу гэдэг нь сонин. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хошууч н.Доржпаламын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйл. Хүнийг хууль бусаар хорих, 263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.
Түмнээ хамгаалах цагдаа нь Д.Оросоо даргынхаа үзэл бодолд нийцүүлэн ийнхүү хууль зөрчиж байгааг хэрхэн ойлгох вэ? Цаашид иргэн та хуулиа зөрчөөгүй байхдаа хоригдох магадлалтай гэх айдсыг нийгэмд төрүүлж байна.
Т.Энгүүн