Үүр нохой хүн барихын үлгэр буюу олуулаа ингэж “шинэчлэв”
2013/05/01
Зургаан тэрбум тонн баталгаат нөөцтэй Тавантолгойн орд бол ард түмэн бидний өмч. Үүнийг иргэн бүрт Засгийн газраас олгосон 1072 ширхэг хувьцаагаар нотолж болно.
Бүр 1500 аж ахуйн нэгжийн 29 тэрбум төгрөгөөр худалдаад авчихсан хувьцаагаар нь ч баталж болно. Гэтэл өнөө цагийн эрх баригчид бидний өмч хөрөнгийг тонон дээрэмдэж, төрөл садангийнхаа хэмжээнд тогоотой хоол шигээ хувааж идэх бодлого барьж буй нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор байдаг “Говь Повер” хэмээх сая төгрөгийн “санхүүтэй” компанийн хууль бус тендерээр илэрхий болсон. Уг нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь парламентад сууж байхдаа “Тавантолгой”-н орд газраас иргэд 10 биш 20 хувийг нь эзэмших ёстой” гэсэн хуулийн төсөл боловсруулаад сууж байсан гээд бод доо. Гэтэл “олуулаа” эрх мэдлийн төлөө улайран дайрахаараа өчигдрөө санах нь байтугай хүн гэдгээ ч бүгдээрээ мартаж орхижээ.
Чухамдаа өнөө цагийн эрх баригчдын “Бүр олуулаа, бүхлээр нь шинэчилье” гээд байсан уриа үгийн утга учир нь энэ л цаг үед тун илэрхий болж байна. Үнэхээр ч олон зүйлийг олуулаа хүч түрэн шийдэж байна. Бас болоогүй “Олуулаа” нийлээд хууль зөрчигч, хөрөнгө мөнгөө гадаадад нуун дарагдуулагчийг хүртэл хамгаалаад үлдэж байна. Бүр олуулаа дайрч, энгийн олон иргэнийг идэх хоолноос нь салгасан жишээ бол захаас аваад бий. Зөвхөн Төрийн албаны зөвлөлийн өгсөн мэдээллийг авч үзвэл 6000 гаруй хүн төрийн захиргаа, яам агентлагт шинээр ажилд орж, энэ хэмжээгээр олон хүн гудамжинд гарчээ. Үүн дээр мэдээж аймаг, сум, дүүргийн халаа сэлгээг нэмээд тоолбол мань мэтийн тооны ухаан лав хүрэхээргүй тоо гарах нь дамжиггүй. Үнэхээр л олуулаа нийлчихээд олон иргэн, олон өрх гэрийн амьдралаар тоглож байгаа шүү. Түүний үр дүнд 5000 орчим иргэн хийсэн ажилгүй хэрнээ төрийн албан хаагчийн цалингаар цалинждаг гэсэн явган яриа ч энд тэндгүй нисэх болоод удаж байна. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр олон ястны өлгий нутагт олуулаа гэдгээрээ түрий барьж, 27 цэцэрлэгийн эрхлэгч, 24 сургуулийн захирлыг нэгэн дор халах тушаал гаргажээ. Ёстой л “үүр нохой хүн барина” гэдэг нь энэ байх.
Үндсэн хуулийн цэц хүртэл Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэдгийг баталчихаад байхад бас л олноороо дайрсаар хамгаалж үлдэв. Тэд мөн хэлсэн амандаа хүрч цөөнгүй зүйлийг орвонгоор нь эргүүлж, “шинэчлэл” хийсэн нь бий. Хамгийн наад зах нь л гэхэд цалин, тэтгэвэрт улаан мөнгө ч нэмэрлэхгүй төсөв батлав. Ингэснээр иргэд бүсээ чангалахаас өөр аргагүй болов. Бас орон сууцны урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдаж, олон иргэн орох оронтой, оочих аягатай болж байсан төслийг “Олуулаа” нийлж царцаагаад “шинэчлэл” хийсэн. Үүний балгаар орон сууцны зээлд хамрагдахаар жилийн өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэд олон зүйлээр хохирлоо. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр даагаад болж байсан атал эцэг, эхээс нь 50 хувийг гаргуулах шийдэлд хүрч бас л “шинэчлэл” хийв. Тэгсэн атлаа үхсэн тэмээний арьсанд 15000 төгрөгийн урамшуулал олгох нь зөв хэмээн олуулаа шийдээд баталчихдаг шинэ тогтолцоог нийгэмд бий болгов. Чухамдаа үр хойч, үхсэн тэмээ хоёрт асар их ялгаа байгааг энэ шинэ томьёоллоос илэрхий харж болохоор байна. Олуулаа эрх баригчдын санаагаар бол үүнээс хойш Үндсэн хууль зөрчсөн хүн хариуцлага хүлээхээ больж байна.
Энэ бол урьд хожид байгаагүй шинэчлэл яахын аргагүй мөнөөсөө мөн. “Хүн бүр хуульд захирагдах эрхтэй” гэдэг үг хуучирч, хуучин Засгийн газартай хамт сарниад найман сар болж байна. Төрийн тэргүүн нь хүртэл долоон сая төгрөгийн алтан аяга байдаг тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлгээсээ нууж, Засгийн газрын тэргүүн нь Үндсэн хуулийг урдаас нь биш ардаас нь уншиж, дандаа хууль зөрчиж, бас болоогүй тэр шийдвэрээ буцаадаг юм чинь аргагүй. Тэр ч бүү хэл УИХ- ын дэд даргаар томилсон нөхөр нь хилийн чинадад байдаг боодолтой “ногоон”-оо бусдаас нуусан атлаа “Би буруугүй” гээд гүрийчихдэг юм чинь аргагагүй. Үнэндээ шүүх, прокурорт өнөөх “олуулаа”-гаас олон хүн шургуулчихаад түүнийгээ Төрийн тэргүүнээсээ эхлээд “шинэчлэл” гэж хэлдэг. Энэ бүхнээс гадна уул уурхайн салбарт хийсэн “шинэчлэл” ч бас их бий. Хямд өртөгтэй байсан ч хилээр нэвтрүүлж, бага хэмжээтэй ч гэсэн ашиг олоод байсан нүүрсийг бүтэн улирал зогсоож, 20 сая ам.долларын алдагдал хүлээв. Уул уурхайн сайдаас эхлээд хурган дарга нь хүртэл тэгш хуваарилалт ярьдаг атлаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг огцом бууруулж ард түмэндээ гэнэтийн бэлэг барилаа. “Чингис” бондын мөнгийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдээсээ мөнгө хүүлэх шинэ гарцыг “шинэ” Засгийн газар түүхэндээ анх удаа нээж оллоо. Мөнгөний бодлого барих ёстой Монголбанкаа нохойд барьдаг мод болгон “шинэчиллээ”. Хамгийн харамсалтай нь энэ бүх шинэ зүйлийн ард “хуучин” Монгол Улс минь “олуулаа” нэртэй ч цөөхөн гэр бүлийн “ургийн баяр”-т зориулсан багт наадам болон хувирч байна.
Д.БУЛГАН
Зочин · 2013/05/20
комунистууд, өвгөн партизануудын ачаар чи өнөөдөр амьдрах газар нутагтай,ухах алт эрдэнэстэй байгаа бусуу
Зочин · 2013/05/18
Энэ чинь тэгээд нөгөө шударга байх гэдэг нь үү? Элбэдорж ерөнхийлөгчөө.
Зочин · 2013/05/02
Монгол Улс минь одоо л нэг зөв хөгжлийнхөө замд орох гэж байхад энэ коммунистууд улам улайран унагах гэж оролдох юм аа. Та нарт бол зөвхөн МАН, МАХН байж байв**** ард түмэнгүй байж болно гэж боддог, ард түмний амьдр**** сайжраад, үнэнийг ойлгоод, өөрсдийг нь тоохгүй болчихно гэхээс л айж үхэх дө****** юм. Хүмүүс ардчилсан төрөө дээдлээд, амьдр**** сайхан болчих вий, ядуухан байлгаж, уут гурил, тав арван төгрөгөөр хуурч байдаг маань өнгөрчих вий гэж та нар их айж, мөн ч их гүтгэлэг явуулах юм даа. Иймэрхүү нүүрээ ширлэсэн нөхдүүд үр ачийнхаа ирээдүйг боддоггүй юм шиг байгаа юм. Эдэнд улс хөгжиж, хүмүүс сайхан амьдрахыг харахаар нүд нь хорсож, энхбаяр нямдорж мэтийн ********ийг долоож амьдрах нь сайхан байдаг бололтой. Гэхдээ л энэ экскоммунист на******д түүхийн тавцангаас ****ь хэдийнээ арчигдаж байна гэдгийг ойлгооч.