УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл : 2009 оныг эргэн сануулах нь ...
2014/08/13
Доорхи өгүүллийг 2009 оны 8 сард бичсэн шиг санагдаж байна. 5 жилийн өмнө. Тэр үед эдийн засгийн байдал ихэд хүндэрсэн, одоогийнхтой төстэй олон шинж тэмдгүүд эдийн засагт үүссэн байв. Таван жил өнгөрсөн хэдий ч Монголын хөгжлийн бодлого, эдийн засгийн өсөлтөнд парадигмийн өөрчлөлт гарсангүй. Өөрөөр хэлбэл Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хэвээр байна. Хөгжлийн номлол, үзэл баримтлал, түүнд хүрэх бодлогын сэтгэлгээ, эдийн засгийн өсөлтийн бодлогод тодорхой эерэг өөрчлөлтүүд гарсан ч бүхэлдээ парадигмийн өөрчлөлт гараагүй болохоор эдийн засаг хүндэрсэн үед түүнийг ашиглах жор нь аанай л хуучин хэвээр, танил дүр зураг... Том том бүтээн байгуулалтуудыг Засаг гардан манлайлна, зах зээлийн операторуудад бага сага юм хаяж өгнө, зах зээлийг ойлгохгүй, хүндлэхгүй хэрнээ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг бүгд ярина, хуулиар засаглахгүй, хэсэг бүлгийн “хуулийн засаглалыг” тогтоох тэмцэл, хүний эрх, эрх чөлөө хоёрдугаарт тавигдана тэгсэн мөртлөө хүний сайн сайхан, аз жаргалыг хангана гэж бөөцийлнө, халамжилна...
Инфляцийг нэг оронтой тоонд барина гэнэ, тэр золиг нь баригдахгүй, ханшийг тогтворжуулна гэнэ, тэр нь үсрээд тэнгэр лүү зугтчихна, энэ бүхэнд гадаадын хөрөнгө оруулалтыг, экспортыг, хувийн хэвшлийг буруутгана, тэгээд бодлого хатууруулна, төсвөө танана гэж гэнэт сэрсэн юм шиг үймэлдэнэ. Бонд ярьцгаана, “бондономикс” –ийн шинжлэх ухаанд суралцацгаана... Хөгжлийн гарц хайна, Монгол төр гэж сүржигнэнэ... 24 жил архагшсан ядуурлаа Дэлхийн зөн гэх мэт байгууллагад даатгаад өөрсдөө 2020, 2030, 2040 оны Монголыг төлөвлөнө, зурна, шав тавьцгаана... Хямралаас сэргийлэх, хүнд байдлаас гарах бодит амьдралаас, бизнесийн жаргал, зовлонгоос эхтэй жор эмчилгээнүүд, “ардын эмчилгээнүүд”-ийг судалж хэрэгжүүлэхийн оронд симмуляцийн ертөнц, вакуум орчин, сурах бичгийн cetirius paribus “эмчилгээний жор” шүтнэ, хэрэгжүүлэх гэж оролдоно, эдийн засаг нь улам муудна, инфляци гаарна, ханш удирдагдахаа болино, хувийн хэвшил сульдаж, хэвтэрт орно, эдийн засгийн орчил явагдахаа болино... Ийм үед ханшийн бодлого ярихгүй, инфляцийн бодлого ярихгүй мөртлөө харин “улс төрийн шийдэл” ярьцгаана, буруутныг хайцгаана, хуйвалдацгаана, улс төрийн тогтворгүй байдал үүснэ... Уул нь инфляци ба ханшийн хөөрөгдөл нь яг өнөөдрийн ярих сэдэв бөгөөд гэхдээ Монгол төр өнөөдөр завгүй байна, амарч байна, наадаж дуусаагүй, найраа ч дуусаагүй байна... Инфляци ба ханшийн бодлогын хувьд цаашид яах талаар хэдэн санаа бичих нь зүйтэй болов уу, ойлгож хүлээж аваад цаашид хэрэгжүүлбэл Монгол улсад хэрэгтэй байх.
1. Инфляцийг нэг оронтой тоонд барих бодлого хэрэгжих боломжгүй болсон. Яагаад гэдэгт олон зүйл хэлж болох ч хамгийн гол нь валютын ханшийн хэт хэлбэлзлийн “pass-through” гэх үр дүнгээр энэ нөхцөлдөх бөгөөд бодлогын хүүг цаашид яаж ч нэмсэн үр дүн гарахгүй, хувийн хэвшил, банкны секторт л сөрөг нөлөө үзүүлэх болно. /Гэхдээ арилжааны банкуудын ашиг орлого нэмэгдэж, дээр нь Төв банкны “бөөцийлөлд” орчихсон, санаа зовох зүйл багасчихсан авир төрх үүссэн байгаа./ Энэ нь дараа онд бизнесийн орчинд маш сөрөг нөлөө үзүүлэх болно. 2009 онд бичиж байсан тэр материалын хамгийн сүүлийн хэсэгт буй сонголтыг л зөв хийх нь чухал. 2014 оны мөнгөний бодлогод тусгаж өгсөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг сайжруулах заалтууд олигтой хэрэгжсэнгүй, тиймээс цаашид цоо шинээр /шаардлагатай бол/ боловсруулах нь дээр. Бензиний үнийн хувьд зардал ихтэй, ханшийн сөрөг нөлөөг саармагжуулах байдлаар тодорхой түвшинд барьж чадсан. Энэ бол эерэг байж болох арга хэмжээ, гэхдээ цаашид хэр удаан барьж чадах вэ гэдэг л гол. Махны үнийн хувьд ерөнхийдөө зах зээлд нь үлдээх сонголт хийх хэрэгтэй. Ченжүүдийг буруутгах, махны нөөц бэлтгэх бодлогоосоо татгалз. Суурь шалтгааныг нь харах хэрэгтэй. Монгол улсын нийт малчин өрхийн /145311/ 52.8% нь 200 хүртлэх толгой малтай бөгөөд энэхүү бүлэг зах зээлд борлуулсан нийт малын 21.3%-ийг л эзэлж байна. /Энэ бүлгийн 35-36 орчим хувь нь ядуу гэсэн ангилалд багтдаг/ 201-500 хүртлэх толгой малтай өрх нийт өрхийн 32.7%-ийг эзэлж зах зээлд нийлүүлсэн малын 35.7% хангаж байна. Харин 501-ээс дээш толгой мал бүхий 21163 өрх /ийм өрхийн 14.6%/ зах зээлд нийлүүлсэн малын 43%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ 2 бүлгийн зах зээлд нийлүүлж буй малын тооны харьцаа 57:43. Эндээс махны зах зээлийн цаашдын хандлага, авир төрх ямар байх талаар дүгнэлт хийж болно. Монголын малчдын дунд орлогын хуваарилалтын томоохон өөрчлөлт явагдаж байна. Үүнд л цаашид анхаарах нь зөв. Хамгийн түрүүнд малчдыг татварын, нийгмийн даатгалын харилцаанд, өөрөөр хэлбэл зах зээлийн харилцаанд оруулах нь чухал. Улс төрийн хувьд хэцүү шийдэл байж болох ч эдийн засгийн хувьд малчдын ирээдүйд хэрэгтэй, монголын мал аж ахуйд хэрэгтэй шийдэл болно. Инфляцийн сагсанд хамгийн их нөлөөтэй 20 гаруй бүтээгдэхүүнийг саявтархан манай хэсэг судлаачид тогтоож замын зургийг нь гаргасан байна лээ. Түүнийг унш. Гэхдээ энэ нь инфляцийг онилох бодлогыг цаашид бүү хэрэгжүүл гэсэн үг биш харин төсөв, ханшийн бодлоготойгоо маш сайн уялдуулж өг гэсэн хэрэг. Одоо бол үнэн хэрэгтээ ийм уялдаа огт байхгүй гэж хэлж болно. Ийм нөхцөлд инфляци удирдагдахгүй. Төсвийн тодотгол хийдэг шиг мөнгөний бодлогын тодотгол хийдэг болох хэрэгтэй. Ийм ч практик бий. Бодлогын хүүг өсгөж, бууруулах нь Төв банкны бодож байгаа шиг тийм үр нөлөө, үр дүн эдийн засагт бүхэлдээ өгөхгүй, зах зээлд ч төсөөлж буй шиг нь дохиолол болж чадахгүй. Тиймээс Төв банкийг дотроо, арилжааны банкуудтайгаа, тэдний авир төрхтэй л сайн ажиллах нь зүйтэй гэж зөвлөе. Сангийн буюу төсвийн бодлогоо 2 оронтой тоо /+, - / -ны хязгаараас гаргах, эдийн засгийн бодлогоо бодит секторын идэвхжилийг хангах чиглэлээр илүү анхаарах чиглэл рүү шилжүүлэхгүй бол хөрөнгө мөнгө хуваарилдаг төлөвлөгч, нягтлан, няравын ажил хийсээр байж таарахгүй. Хөгжлийн банкыг ч банкны системийн дотор нь оруулахгүй бол цаашдаа хэцүү болно. Инфляци бол зөвхөн Төв банкны хариуцсан асуудал биш бас УИХ, ЗГ-ын онцгой анхаарах асуудал гэдгийг анхаарах ёстой. Хямралт байдал өнөөдөр хүн амын амьжиргааны түвшний хямрал болох магадлал өндөр байна. Ийм нөхцөлд хамгийн гол зүйл бол байгаа бүх бодлого, санхүүгийн нөөцөө хувийн хэвшлийг, жижиг дунд бизнесийг, ачааны хүндийг үүрч явдаг хэдэн зуун том компаниудад л хандуул, тэгээд тэдэнтэй зөвлөлдөж нөгөө алдарт Nike компанийн уриа шиг Just do it. Өөр зам байхгүй. Халамжийн болон цалин хөлсний бодлогодоо хүн амын зорилтот хэсгийг инфляцийн дарамтаас хамгаалах, гэхдээ инфляцийг дахин өдөөдөг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, индексжүүлэх гэх мэт бус алтернатив бусад бодлого, арга хэрэгслүүдийг ашигла. Нөхцөлт мөнгөн шилжүүлгийн тогтолцоог бодитой хэрэгжүүл. Хүнсний купон, пирамидын ёроолын зах зээлийг хөгжүүлэх, хуримтлалын бүлгүүдийг дэмжих гэх мэтийг зөв ашигла. Татварын шинэчлэлийг иж бүрнээр энэ намрын чуулганаар хийж эдийн засгийн дотоод нөөц боломжоо гаргаж ир, зөвхөн нүүрс, зэс бодоод байлгүй экспортын 20 хувийг эзэлж буй уул уурхайн бус бүтээгдэхүүнээ 2 хөршийн зах зээлд татваргүй оруулах талаар 2 хөршийн дарга нарын айлчлалаар ярилцаж үр дүн гаргавал Монголын зах зээлийг тэлэхэд, ДНБ-ий өсөлтийн чанарыг хангахад шийдвэрлэх алхам болно. 2014 оны эхний хагасын статистикаар ДНБүтээгдэхүүн зэрэгцүүлсэн үнээр 5.3% болж хуримтлал, хэрэглээ талаасаа үзвэл хуримтлал нэлээд буурсан байна. 2009 онд мөн иймэрхүү байсан.
2. Валютын ханш. Буруутныг хүнээс бүү хай. Ханшийн бодлого, түүний эрх зүйн үндсийг 1994 оноос хойш бараг хөндөөгүй, санаачлаагүй УИХ хамгийн түрүүнд буруутай. 2014 оны мөнгөний бодлогод урьд өмнө нь зөвхөн “уян хатан, чөлөөтэй тогтоно” гэж олон жил явсан заалт дээр ханшийн эрсдлээс хамгаалах, түүнийг удирдах талаар УИХ-аас баталж өгсөн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр санаачлагагүй ажилласан Төв банк, Монгол улсад хуулиараа санхүүгийн тогтвортой байдлыг хангах учиртай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, түүнийг олигтой ажиллуулаагүй, хянаагүй, шаардаагүй УИХ, Засгийн газар буруутай. Бүгд буруутай байна, одоо бие биенээсээ буруутныг хайх бус, бурууг засаад зөв болгоод явах нь өлзийтэй, өгөөжтэй. Валютын ханшийн өнөөгийн үйлчилж буй зохицуулалттай хөвөх ханшийн дэглэм, энэ дэглэмийн үед хэрэгжвэл зохих арга хэмжээнүүд, интервенцийн бодлого, зорилго, хамрах хүрээ, арга хэрэгслүүд, үр дүнг нь тооцох хэмжүүрүүд гэх мэтийн эрх зүйн, институцийн болон засаглалын механизм тодорхой биш байна. Мөнгөний бодлого, ханшийн бодлого болон макро эдийн засгийн ерөнхий болон сангийн бодлогын уялдаа огт хангалтгүй байна. Ийм нөхцөлд “Тамирын голын мөсийг долоох шахам байж” цуглуулсан валютын нөөцөө гөвөхөөсөө өмнө эсвэл интервенцээ зогсоо эсвэл бодлогод нь өөрчлөлт оруулж жинхэнэ ёсоор удирдах хэрэгтэй байна. Ханшийн зах зээл дээр “стратегийн тоглогч” байж болох Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэх мэт компаниудыг ханшийн зах зээлийн нийлүүлэлтийн суваг болгох сэдэл, хөшүүргийг бий болго. Ялангуяа валютын ханшийн зах зээл дээр сүүлийн саруудад /ноднин өдийд ч бас тийм байсан/ үүссэн спекулятив буюу дамын хүчин зүйлүүд, авир төрхийг маш сайн судал, Төв банк системийн доторх хяналтаа эрс сайжруул, Засгийн газар валютын илүүдэл эрэлт үүсгэхгүй байх, нөөцийн удирдлагад, ханшийн хэлбэлзлийг арилгахад Төв банктай идэвхтэй хамтран ажиллах ёстой гэдгийг зөвлөе. Нэгэнт л хуулиар Төв банк ханшийг уях, мөлхүүлэх, хонгил тогтоох /хуулинд уул нь +/- 5% -ийн “хонгил” бий, энэ хонгилыг магадгүй +/- 10-15% ч болгох хэрэгтэй байж магад/, төгрөг, долларын зээл, хадгаламжийн зохистой харьцаанд /энэ чиглэлээр Төв банк тодорхой бодлого, арга хэмжээ авч болно, ямар ч хууль уул нь зөрчихгүй.../ өөрчлөлт хийхэд “хууль саад” болж байна гэж хуулиар гул барихаасаа илүүтэйгээр тодорхой, шийдэмгий, стандарт бус ч байж болох бодлого, арга хэмжээг УИХ, Төв банк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газар ойрын саруудад онцгойлон анхаарч хэрэгжүүлэх ёстой.
3. Экспорт, хөрөнгө оруулалт. Цээжилтэл ярьсан экспортын диверсификац үр дүнтэй байдлаар огт хийгдэхгүй байна. Яг үнэндээ төрд үүнийг хийх чадвар алга. Бодлого нь уул нь батлагдсан. Өөрийгөө яая гэж ядаж байгаа Хөгжлийн банк дээр очоод замхарсан. Төв банкны экспортын санхүүжилтийн арилжааны банкуудаа дэмжсэн, Хөгжлийн банктай, Засгийн газартай хамтарсан тодорхой бодлого, уялдаа холбоо байхгүй. Экспортын даатгалын механизм бий болгоно гээд төр нь будилаад л яваа. Экспорт “diplomacy” буюу монголын экспортыг дэмжин урамшуулах, хөгжүүлэх гадаад бодлого байхгүй. Экспортын бодлого уул нь а.дэмжин урамшуулах, б.хөгжүүлэх гэсэн 2 хэсэгтэй. Энэ нь дотроо уламжлалт ба уламжлалт бус экспортыг дэмжин урамшуулах, хөгжүүлэх, хөгжүүлэх нь дотроо бүтээгдэхүүний хөгжил, экспортын маркетинг, брэндинг гэх мэт тодорхой сувгууд, үйл ажиллагаануудтай. Энэ бүхнийг хийх чадвартай, Засаг нь итгээд дэмжээд санхүүжүүлээд өгчихвөл хэрэгжүүлээд явчих боломжтой МҮХАҮТанхим гэж байна, бусад холбоод байна. Бодлогын хандлага ингэж өөрчлөгдөж байж л явна, ингэхгүй бол нөгөө 888 төслийн 200 орчим экспортын чиглэлийн төслүүд шиг арилжааны банкуудын үүд сахисаар эсвэл тэдний ширээн дээр л үлдэнэ.
4. Хөрөнгө оруулалт. Хууль нь батлагдсан, хариуцсан институци нь байгуулагдсан. Ингээд л болоо юу? Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг ТОР150 компаниудынхаа удирдлагуудтай Эдийн засгийн хөгжлийн сайд маань уулзаж хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж идэвхжүүлэх, хамгаалах, үржүүлэх талаар ярилцсан уу? Дэлхийн банк гэх мэтийн олон улсын байгууллагууд, гадаад улс орны ЭСЯамд, хөрөнгө оруулах гэж буй болон хөрөнгө оруулчихсан компаниуд, банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн хийж санал бодлыг нь тогтмол сонсдог төрийн механизм ажиллаж байна уу? Хөрөнгө оруулалт, бизнесийн орчны реформ маань хэзээ дуусах уу? Улс төр тогтвортой байж чадах уу?
5. Өрийн удирдлага. Өрөө удирддаг хуулиа улс төржүүлэхгүй баталчихмаар байдаг. Зээлийн зэрэглэл бол зөвхөн Сангийн яам, Монгол банкны ярьдаг асуудал биш өргөн утгаар авч үзвэл үндэсний брэндингийн бодлогын эдийн засгийн чадавхийн томоохон асуудал юм. Ингэснээр УИХ Өрийн удирдлагын хуулийг яаралтай батлах төдийгүй, Монгол улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх энгийнээр хэлбэл дэлхийн санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, нэмэгдүүлэх үндэсний хэмжээний бодлого боловсруулж хэрэгжүүл гэсэн үг.
6. Хуулийн засаглал. Уул нь хамгийн эхэнд ялангуяа өнөөгийн Монголын нөхцөлд нэн яаралтай яригдах асуудал болсон байна. Rule of Law нь Rule by Law бүр цаашлаад Rule by Men болох үйл явц Монголд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн засаглалын зарчмуудыг гажуудуулж хуулиар гул барьж хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцсэн хууль эрх зүйн орчны бохирдол хэрээс хэтэрлээ. Үүнийг зогсоож Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хамгийн түрүүнд тавьсан хуулиар засагласан хууль эрх зүйн цэвэр орчин бий болгох нь энэ УИХурлын хамгийн тулгамдсан бөгөөд зайлшгүй шаардлагатай зорилт болж байна.
УИХ, Засгийн газар онцгой дэглэмээр ажиллах сарууд ирсэн байна. Ээлжит бус чуулганаа зарлаж тулгамдсан асуудлуудаа хувийн хэвшилтэйгээ, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөч, гарцаа ол гэсэн message хүчтэй ирж байна. Мessage илгээгч нь инфляци, ханшид дээрэлхүүлсэн Ард түмэн, хүлээн авагч нь Төр.
С.Дэмбэрэл /УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга/
Заяагдмал нөөцийн олдмол хам шинж ба хөгжилд хүрэх зөв замын тухай
/2009 он/
1. Газрын доорхи нөөц бол монголын ард түмэнд заяагдмал зүйл бөгөөд үүнийг эрдэнийн хувь, эх орны хишиг гэх мэтээр юу ч гэж нэрлэж болох боловч эдийн засгийн „хуурай“ хэлээр бол „resourse endowment“ буюу „заяагдмал нөөц“ л гэдэг. Харин энэ заяагдмал нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар л баялаг бүтээгдэж эдийн засгийн үнэлэмж нь бий болж эхэлдэг. Энэхүү бүтээгдсэн баялгийг шударга ёсны зарчимд нийцүүлж хуваарилах нь зах зээлийн эдийн засгийн зарчим, ард түмэнд наалдацтай эдийн засгийн өсөлтийн бодлого, орлогын хэт ялгаралтыг багасгах, ядуурал, ажилгүйдэл, авилгын эсрэг бодлого гэх мэт эдийн засаг, нийгмийн цогц бодлогоор „заяагдмал нөөц“ байхад нь биш баялаг бүтээгдэж эхэлсний дараагаар тодорхойлогдох, сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд биш эдийн засгийн хөгжлийн боломж, зохистой байдал, бодит үр дүнгээр, мөнгө- санхүүгийн нөөцийг зохистой, үр ашигтай байршуулах, дахин
байршуулах зарчмын дагуу л тодорхойлогдох ёстой .
2. Тэгш боломж, тэгш хуваарилалт 2 бол тэс ондоо ойлголтууд бөгөөд эхнийх нь 19 жилийн өмнө Монгол улс эргэлт буцалтгүй сонгосон ардчилал, шударга ёс, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны нэг гол ойлголт, нөгөөх нь Монгол улс 19 жилийн өмнө орхисон социалист тогтолцооны гол ойлголт. Гэтэл бид өнөөдөр заяагдмал нөөцөө эдийн засгийн эргэлтэнд оруулаагүй байж, эдийн засгийн эргэлтэнд оруулая гэсэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад харилцан хүлээн авч болохуйц хөрөнгө оруулалтын тэгш боломжийг эрх зүйн болон эдийн засгийн утгаар нь олгоогүй хэрнээ, ард түмэндээ амьдрал ахуйгаа дээшлүүлэх тэгш боломж олгохын оронд „алаагүй баавгайн арьсыг“ аль хэдийн тэгш хуваарилах зарчмаар хуульчлахаар зэхэж байгаа нь Монголын нийгэм эрүүл бус болсныг, эдийн засаг дахь ашигт малтмалыг тойрсон нийгмийн хийрхэл, төрийн хэт их оролцоо түүнээс улбаалсан эрдэс баялгийн салбарт төрийн авторитар дэглэмийг ард түмний төлөө гэсэн нэрээр түүний нэрийн өмнөөс тогтоох гэсэн бодлого, эдийн засгийн үр ашиггүй менежмент, хөгжлийн бодлогын буруу номлол бий болсныг харуулж байна.
3. Нөөцөөр баялаг эдийн засагтай улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхэд бодлогын шийдвэр гаргагчид нь ч ард иргэд нь ч онцгой анхаарч зайлсхийвэл зохих 2 зүйл: „голланд өвчин“, „нөөцийн хараал“ гэж байдгийг, ямар симптом, шинж тэмдэгүүд илэрдгийг монголын нийгмийн тодорхой хэсэг мэднэ. Энэ талаар олон улсын гашуун туршлага бий гэдгийг монголчууд бидэнд олон улсын байгууллагууд сануулаад л байгаа. Өнгөрсөн жилүүдэд эрдэс баялгийг тойрсон маргаан, нийгмийн буруу хүлээлт рүү хөтөлсөн сурталчилгаа, түүний үр дүнд өнөөдөр бодитойгоор бий болсон нийгмийн сэтгэл зүй, монголын хөгжлийн
тухай төсөөлөл, стратегийн гэж нэрлэгдсэн орд газрууд, уран зэргийг тойрсон „нийгмийн хийрхэл“ гэж нэрлэж болохуйц эдгээр гаж үзэгдэл нь Монгол улсад „голланд өвчин“, „нөөцийн хараалын“ тодорхой шинжүүдийг агуулсан төдийгүй өөр шинэ симптом, шинж тэмдгүүдээр баяжсан нийгмийн шинэ өвчин үүссэнийг харуулж байна. Түүнийг „Заяагдмал нөөцийн олдмол хам шинж“ /the immune deficiency of resourse endowment/ гэж нэрлэж болох бөгөөд үндэсний хөгжлийн дархлааг сулруулах, устгах дараах шинж тэмдэгүүдтэй нь тодорхой байна.
Үүнд:
- ажилгүйдэл, ядуурал ихтэй, авилгал хүнд сурталд идэгдэж архагшсан засаглалын технологитой, ард түмэндээ газрын доорхи баялагтаа хэт дулдуйдах, бэлэнчлэх сэтгэлгээ, хүлээлт, хишиг горьдолтыг системтэйгээр төлөвшүүлдэг, өөрсдөө бараг итгэл үнэмшлээ болгосон төртэй,
- хуулийн засаглал гэхээсээ илүү намын засаглал /намын доторх болон нам хоорондын фракц, нэгдлүүд / үнэн хэрэгтээ хэрэгждэг улс оронд заяагдмал нөөцөө баялаг болгож эдийн засгийн эргэлтэнд оруулахаасаа өмнө улс төрийн амлалтанд суурилсан тэгшитгэн хуваарилах сэтгэлгээ, номлол улс төрчдөд нь зуршмал болж эхэлдэг,
- заяагдмал нөөц дээр суурилсан „хамгийн дөт, хамгийн гайхамшигтай бөгөөд цорын ганц“ хөгжлийн үзэл баримтлал, номлол, арга замыг нийгмээрээ эрэлхийлж түүнийг нь улс төрчид нь бодож олон санаачилж хуульчлахыг эрмэлздэг,
- эрдсийн түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс төсвийн орлого, зарлагын хуваарилалт нь ихээхэн хамаардаг эдийн засагтай улс орны хувьд төсвийн болон сангийн бодлого нь улс төрийн эрх баригч намын амлалтын нөлөөнд орж төсөв, санхүүгийн нөөцийг зохистой, үр ашигтай байршуулах, дахин байршуулах эдийн засгийн шалгуур нь сонгуулийн улс төрийн амлалтын барьцаанд орж хөгжлийн санхүүжилтийн тэргүүлчлэл, цаг хугацаа, дэс дараалалыг мэргэжлийн байгууллага нь эдийн засгийн бус улс төрийн «шалгуураар» шахалтаар тогтоодог болсноор нийт эдийн засгийн бодит үр ашиг „хөөсөн“ өсөлтийн үзүүлэлтүүдийг эс тооцвол үнэн хэрэгтээ буурч эхэлдэг,
- хөрөнгө оруулагчдад зориулсан „түрүүлж ирсэн нь түрүүлж үйлчлүүл“ гэсэн зөв зарчмын мөн чанарыг нь гажуудуулж лицензээр угаасаа наймаа хийж болохгүй эрх зүйн үндэслэлтэй байтал лицензийн наймааг албажуулж хавтгайруулсан, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, ил тод байдлын үзэл баримтлалыг эл салбарын үйл ажиллагаанд тууштай нэвтрүүлээгүйгээс байгаль орчинд ихээхэн хор уршиг учирч бизнес ба иргэний нийгмийн хооронд үл ойлголцол, зөрчил үүсч тэр нь аажимдаа улс төрийн бүлэглэлүүдийн явцуу эрх ашгийг хангах арга хэрэгсэл болж хувирах, нийгэмд «эрдэс баялгийн бизнес бохир», «иргэний нийгэм худалдагдсан» гэсэн ойлголтыг төрүүлж эцсийн дүндээ зах зээлийн эдийн засгийн 2 гол институци болох хувийн хэвшил, иргэний нийгмийн нэр хүндийг нийгэмд унагахад хүргэдэг,
- төрийг шүтдэг уламжлалт нийгэмд үүсэн бий болсон зах зээлийн эдийн засаг буюу капиталын нийгэмд эдийн засаг дахь төрийн оролцоо социалист шинж чанартай болж төр өөрөө том „бизнес эрхлэгч“ болсноор авилгал, хээл хахуулийн шалтгаан, үр дагавар нь төр өөрөө болж, энэ нь эрдэс баялгийн салбарт хамгийн тодоор илэрч эхэлдэг,
- «заяагдмал нөөц» үндсэн хуулинд тусгагдсанаар «ард түмний мэдэлд» буюу нийтийн өмчлөлд байх тухай заалтыг «төрийн өмч» хэмээх ойлголтонд шилжүүлснээр ард түмнээс сонгогддог институцууд нь ёс төдий, эрх мэдэлгүй, гагцхүү УИХ буюу ард түмнээс сонгогддог дээд институци нь нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхүүдийг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн институцэд шилжүүлж „ард түмний мэдлийг“ эрх зүйн хувьд хадгалах байтал төр=засгийн газар- өмчлөгч гэж шийдвэрлэснээс эрх зүйн хувьд төдийгүй эдийн засгийн утгаараа ч буруу тогтолцоотой болдог,
- эндээс үүдэн эрдэс баялгийн салбарт төрийн оролцоог давамгай болгох, «төрийн өмчийн» компаниудыг байгуулах дуршил нэмэгдэх, хувийн хэвшлийн эрх мэдлийг хязгаарлах, зарим тохиолдолд бүр булааж авах, эрдэнийн хувь, эх орны хишиг, түүнчлэн Баянмонгол корпораци гэсэн нэртэй зөвхөн Монголд л бодож олж болох санхүүгийн бүтэц /тэр нь нийт ард түмэнд хувьцаа эзэмшүүлж ногдох ашиг хуваарилаж дэлхийн хөрөнгийн зах зээл дээр «цахиур хагална» гэж байгаа/ зэргийг хуульчилж эхэлдэг зэрэг хам шинжүүдтэй бөгөөд эдгээр хам шинж бүр нь дангаараа болон бүхэлдээ хөгжлийн дархлааг урт хугацаанд сулруулах, гэмтээх аюул заналыг өөртөө агуулж, хөгжлийн зөв номлол, арга замыг дэлхийн улс орнуудын хөгжлийн туршлага, орчин үеийн чиг хандлагад суурилан тодорхойлох аргагүй болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг 5,10,15 мянган доллар болгоно гэх мэт «хүслийн жагсаалт» л хөгжлийн албан ёсны баримт бичиг, бодлогын чиг баримжаа, стратеги болдог.
4. Монгол улс авилга, хээл хахуулийн сүлжээгээр л онцгойрдоггүй юм бол бусад улс орноос ердөө ч ялгарах юмгүй, нөөц баялаг ихтэй, далайд гарцгүй, хүн ам цөөн, эмзэг, жижиг эдийн засагтай улс орнуудтай л адилхан хөгжиж буй орон. Бид улс төрийн ч эдийн засгийн ч хувьд бусдад үлгэр үзүүлээд байхаар загвар орон биш. Авторитари дэглэмтэй зарим улс орнуудыг бодвол ардчилсан замаар 20 гаруй жил замнасан хэдий ч эцсийн үр дүн нь ардчилал, түүний үнэт зүйлс нь нийгмийн бие, эд эсэд бат бөх шингэж, итгэл үнэмшил болж чадаагүй өнгөц ардчилалтай улс орон болсон гэдгийг нийгэм өөрөө хүлээн зөвшөөрөөд бодит баримт, судалгаагаар тогтоочихсон. Ийм л улс оронд, ийм л эдийн засагт бид хөгжлийн тухай ярьж, төсөөлж, төлөвлөж байгаа болохоор бодит байдлаасаа тасарч тэнгэрт хөөрөлгүйгээр, хаа ч байхгүй «гайхамшигтай өсөлт, хөгжилд» хүрэх хаа ч байдаггүй өвөрмөц, цоо шинэ хөгжлийн арга замыг зохиогоод байх хэрэггүй юм. Энэ бол үүлэн чөлөөний нар ч биш ердөө л хуурамч зэрэглээ юм.
5. Эдийн засгийн хөгжлийн бодлогын хувьд цаг хугацааны мэдрэмж, хямралын гол цэгүүдийг олж харан шуурхай, иж бүрэн арга хэмжээ авах чадвар илт дутагдаж байна. Өнөөдөр бидэнд тулгараад буй гол асуудал бол хямралыг хэрхэн даван туулах тухай асуудал. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал саявтархан Монголд айлчлахдаа хямралыг боломж болгох талаар тодорхой санаа, зөвлөмж өгсөн. Гэтэл бодит байдал дээр Монгол улс баахан мастер төлөвлөгөө, урт хугацааны стратеги боловсруулаад тулгамдсан гол гол асуудлаа донор орон, ОУБ-уудад найдаад л орхиж байна гэхэд хилсдэхгүй. /Атрын 3 аян гэх мэт зарим тодорхой ажлыг эс тооцвол/. Бодит сектор бартерийн харилцаанд аль хэдийн орж одоо бараг „цэнэг нь дуусаж байна“, барилгын сектор дахь өр зээлийн хямрал банкуудаа татаж унагах хэмжээнд очих аюулд ойртож байгаа, Төв банк нь 3 сард албан ёсоор тодорхойлсноор «...тэртээ тэргүй унаж буй хувийн хэвшлийг» зөнд нь орхиод, «инфляцийг онилох», валютын ханшийг тогтворжуулах мөнгөний хатуу бодлого явуулсаны хүчинд л арайхийж эдийн засгийг зогсолтгүй уналтаас аварч чадлаа гэж шал худлаа сүржигнэж илтгэж байх хооронд нь банк ба бизнесийн амьд орчил нь энэ бодлогын л гайгаар аль хэдийн тасраад одоо «амь тариа» нэхэх хэмжээнд очсон байна. Амь тариаг амьтай байхад нь хийдэг болохоос амь тасарчихсан хойно нь хийдэггүй.
6. Эдийн засгийн секторууд, дэд секторуудын босоо болон хэвтээ холбооснуудад байдал ямар байгааг зөв оношилж яаралтай цогц арга хэмжээ авахгүй бол Монгол банк шиг «тэртээ тэргүй унаж байгаа хувийн хэвшил...» гэж хандах юм бол УИХ, Засгийн газрын хувьд нэн хариуцлагагүй, хүнд үр дагаварууд дагуулах бодлого болно. 2009 оны үлдэж буй саруудад барилгын секторт хуримтлагдсан өр зээлийн хямралаас зайлшгүй гарах ёстой. Барилгын компаниуд, холбоо нь тодорхой санал дэвшүүлээд ёстой нөгөө хөлөө хүрэх газар хүртэл явлаа, үр дүн ч алга, гэтэл энэ салбар маань эдийн засгийн идэвхжил, уналтын нэг гол индикатор, энэ салбарын идэвхжил нь хэвтээ болон босоо холбоосоор бусад олон сектор, түүний дотор жижиглэн худалдааны секторын идэвхжилд нөлөөлдөгийг мартаж боломгүй.
Одоо моргэйж, /ипотек/ бонд, эрх зүйн үндэс, банкны зээл дахин олгох гэх мэт зүйл ярих нь бодитой бус, гагцхүү цаг хугацаа улам л алдах аюултай. Засгийн газар тодорхой санхүүгийн болон бодлогын интервенц эрс шийдэмгий хийх хэрэгтэй байна. Нэн тэргүүнд Засгийн газар санаачлан бүх дуусаагүй барилгыг тоолж ангилах, affordable housing буюу иргэдийн худалдан авах чадварт нь тохирсон барилгуудыг тэргүүн ээлжинд сонгож авах, гадаадаас хөрөнгө мөнгө босгох боломжтой компаниудад нь баталгаа гаргаж өгөх, барилгыг дуусгахад шаардлагатай материалуудыг компаниуд хоорондоо бартераар авч өгөлцөх ажлыг Засгийн газар санхүүгийн болон санхүүгийн бус баталгаа гаргах замаар зохион байгуулах гэх мэт тодорхой схем санаачлан боловсруулж сонгогдсон дуусаагүй барилгуудыг дуусгах шаардлагатай. Дууссан барилга буюу бэлэн бүтээгдэхүүнүүдийг хэн яаж өмчлөх, яаж борлуулах асуудлууд нь дараагийн схем! Банкууд, гааль, төмөр зам, татвар, шүүх гэх мэт бүх шаардлагатай байгууллагууд оролцсон ажлын хэсгийг Ерөнхий сайд биечлэн удирдах хэрэгтэй. Атрын 3-р аян нэртэй хөдөө аж ахуйн салбарын бодлого, оройтсон хэдий ч үйлдвэржилтийн санхүүжилт бол Засгийн газраас бодлогын болон санхүүгийн интервенц хийж байгаагийн тодорхой жишээ, яг иймэрхүү бодлогын хандлага, арга механизм барилгын салбарт нэн шаардлагатай байна.
7. Бид бизнесийн ертөнцөд өөрийн байр суурь, нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц байхын тулд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Гэрээний үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн нөхцөл байдал тохиолдох нь бий.
МҮХАҮТанхимд хандаж байгаа бизнес эрхлэгчид тэр дундаа барилгын компаниуд барилгын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны гол үндэс болсон барилгын зээл зогссоноор барилгын ажил зогсонги байдалд ороод байна. Мөн 2009 он гарсаар валютын ханш огцом нэмэгдсэн. Өмнө нь долларын зээл авсан бизнес эрхлэгчид үүнээс болоод ханшийн зөрүүний их хэмжээний алдагдал хүлээж байгаа юм. Ингэснээрээ зээлийн эргэн төлөгдөлт удааширч зээлдэгчид хүүгийн торгууль, алданги төлөх нөхцөл бий болж байна. Ийм тохиолдолд Хардшип буюу урьдаас мэдэх боломжгүй, талуудаас үл хамаарсан, өөрсдийн хүчээр даван туулах боломжгүй нөхцөлөөс хамааралтай гэдгийг МҮХАҮТанхимаас олгодог «Hardship»- ын гэрчилгээ гол нотолгоо болно. Hardship-ын нөхцөл бий болсныг үндэслэлтэйгээр нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл шүүх, арбитрын байгууллагын хувьд уг гэрчилгээнд үндэслэн аливаа алданги, хохирол төлөхгүй байх эрх зүйн үндэслэл нотолгоо болно.
Зарим тохиолдолд банкны болоод бусад стандарт гэрээнд ийм төрлийн заалтыг шууд хориглосон хэлбэрээр оруулсан байдаг нь гэрээний нөхцлөө харилцан тохиролцох гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчиж байгаа хэрэг юм.
8. Ойрын саруудад инфляцийн дарамт эдийн засагт нэмэгдэхээр байна, хүлээлт ч тийм хандлагатай болчихлоо. Гэхдээ нэг зүйлийг энд онцгой анхааруулахад энэ инфляци нь зардлын хүчин зүйлүүдээр л голчлон тодорхойлогдох бөгөөд угаасаа Монголын эдийн засагт үргэлж л ийм байсан хэдий ч инфляци, эдийн засгийг оношилдог 2 өөр нүд Монголд бий болчихоод байгаа: эдийн засгийг яс махаараа мэдэрч түүний дагуу оношилж байдаг бодит секторын нүд, нөгөө нь эдийн засгийг „тэнгэрээс“, эконометриксийн загвар, томьёоны цаанаас харж „оношоо“ тавьж ирсэн Төв банкны зэрэглээтэй нүд. Хүнсний болон ахуйн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр л байна, гэтэл нөгөө «инфляцыг онилдог» бодлого нь хаа байна? Тиймээс Ерөнхий сайд, Сангийн сайдад хэлэх ганц товч зөвлөмж байна: Монгол банкны хэлж ярьж байгаагаас яг эсрэгээр нь хий.
9. Эдийн засгийн бусад сектор, дэд секторт ч байдал муу байна. Гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэл ч ялгаагүй. Тиймээс сектор бүрийн тэргүүлэгч компаниудтай цуврал уулзалтууд яаралтай зохион байгуулж хямралыг хэрхэн боломж болгох талаар ний нуугүй ярилцахыг Засгийн газарт санал болгож байна.
ОУВСантай тохиролцон хэрэгжүүлж буй хөтөлбөр, хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжиж байгаа гээд суугаад байх цаг үе биш гэдгийг, бодит секторын төлөөлөгчдийн үгийг сонсож бодлогодоо засвар оруулан баяжуулах замаар хямралыг амжилттай даван туулах болно гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт хувийн хэвшлийнхэн найдаж байна.
10. Наадам сайхан боллоо, одоо ч үргэлжилсээр л байна. 2009 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүд гарлаа, Дэлхийн банк ч үнэлгээ дүгнэлтээ гаргаад хэлэх юмаа хэлчихэж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч айлчлалаа, хэлэх юмаа бас бидэнд хэлээд юуг яг одооноос анхаарах хэрэгтэйг ч сануулаад өглөө. Эдгээр нь цаг хугацааны мэдрэмж дээр үндэслэсэн хөгжлийн бодлогын тодорхой жишээнүүд. 2009 оны эцэст эдийн засаг идэвхжих төлөв байдалд орохын тулд бид яг ямар тодорхой зүйл хийж байна, хийх вэ? 2010 он эдийн засаг, экологийн хувьд ямар сорилтуудыг Монголд авчирах вэ? 2011 онд цөлжилт, усны асуудал ямар түвшинд тавигдах вэ? /энд 2015, 2020, 2030 онуудын асуудал тавиагүй байна/. Бид хөгжлийн тухай ойлголтоо, хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогоо „ногоон өнгөтэй“ болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. УИХуралд 20 гаруй гишүүд нь нэгдсэн “ногоон бүлэг“ үүссэн нь ч санамсаргүй зүйл биш. Өвөг дээдэс, хутагт хувилгаад маань ч байгаль орчныг ямар болгохыг урьдчилаад хэлж сануулсан „ирээдүйг эш үзүүлсэн бошгууд“ байж. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр л гэхэд 2009 оны 3 сард «Ногоон эдийн засгийн санаачилгууд» гэсэн стратегийн баримт бичиг гаргасан байна. Үер усны гамшиг ч Улаанбаатар хотын менежментийн олон зүйлийг илрүүлж сургамж өглөө.
Тайшрын усан цахилгаан станц гээд бодлогын буруу шийдлийн «гайхамшигтай» хөшөөтэй ч боллоо. Танхим «байгаль орчны бодлого бол Монгол улсын хөгжлийн мөнхийн тэргүүлэх чиглэл» болох ёстой гэж улс төрийн намуудад, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт санал болгоод л байгаа. 3 цэвэр, органик Монгол гээд л яриад, бичээд, хийгээд байгаа, энэ бол моод биш, толгой холбож ч байгаа юм биш, Монголын ногоон хөгжлийн томьёололууд л юм.
11. МҮХАҮТанхимаас 2007, 2008 оноос л байнга сануулж 2009 оны 1 сард арга ядахдаа «Хямралын эсрэг эдийн засгийг идэвхжүүлэх төлөвлөгөө» хүртэл боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Бизнес эрхлэгчдийн нэгдмэл санал, улс орнуудын хямралын эсрэг менежментийн туршлагыг харгалзсан практик ач холбогдолтой иж бүрэн санал байсан. Харамсалтай нь хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх чиглэлээр цаг хугацаа, дэс дараалалын хувьд ч бодлого, арга хэмжээний тэргүүлчлэлийн хувьд ч алдаанууд гарсан. Хувийн хэвшилтэй байнга, шуурхай зөвлөлдөж байх бодлогын соёл, мэдрэмж, засаглалын шуурхай технологи дутсан. 2009 оны сүүлч 2010 оны эхний хагаст гэхэд аядуу инфляцитай /заавал нэг оронтой тоонд байх гэсэн үг биш/, идэвхжсэн бодит сектортой, өрсөлдөөнт орчин дахь банкны сектортой байх боломж бас байсаар байна. Гагцхүү үүнийг УИХ, Засгийн газар хямралын эсрэг бодлогын менежментээ сайжруулах замаар, бодит секторыг идэвхжүүлэх Сангийн болон мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах замаар, Төв банкны мөнгөний бодлогыг УИХурлаас өгсөн даалгавар чиглэлийн дагуу, Төв банкийг бодит амьдралаас тасархай, хөндий хоосон юм ярихыг нь болиулж инфляцийг биш эдийн засгийн өсөлтийг онилуулах замаар хэрэгжүүлэх нь чухал.
Монгол улсад 10-12, бүр 15 %-ийн жилийн инфляцитай, гэхдээ бодит сектор нь идэвхжсэн, шоргоолжны үүр шиг бужигнаж буцалж байх нь дээр үү эс бөгөөс 9 бүр 6-7%, гэсэн нэг оронтой тооны инфляцитай /гэхдээ инфляцийн дарамт нь түүнийг 20,30% хүргэж болох эмзэг бүтэцтэй/, гэхдээ муужирсан, үлгэн салган хөдлөх бодит сектор, Төв банкныхаа угжинд орж сульдаатай болсон банкны сектортой байх нь дээр үү гэдэг дээр бодлогын зөв сонголт хийх нь нэн чухал байна. Өнөөдрийн зөв сонголт нь маргаашийн зөв зам болох билээ.
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл
Зочин · 2014/08/14