Монгол Улс баялгийн сантай болно. Баялгийн сангаараа дамжуулж ард түмэндээ байгалийн баялгийн хувь хишгийг ижил, тэгш хүртээж, улс орноо хөгжлийн замд нь оруулах юм.

Мэдээж сайхан л хэрэг. Гэхдээ баялгийн сан жинхэнэ утгаараа ажиллаж чадсан тохиолдолд шүү дээ. Одоохондоо бол “Баялгийн сан байгуулна” гэсэн ерөнхий дүр зураг л байна. Чухам хэзээ, хэрхэн байгуулах, хэн ажиллуулах вэ гэх зэрэг зүйл тодорхойгүй. Сангийн сайд Ч.Улаан “Баялгийн санг байгуулахын тулд одоо байгаа сангуудыг цэгцэлнэ” гэж мэдэгдэж байсан. Монгол Улсад янз бүрийн зорилготой 60 гаруй сан ажиллаж байгаа. Чухам хэрхэн яаж ажилладаг, тэр санд төвлөрсөн мөнгө хаашаа явдаг нь бүү мэд. Тийм учраас олон төрлийн санг ном журманд нь оруулж, баялгийн сангийн үзэл баримтлалд нийцүүлнэ гэж хэлж байсан юм. Түүнчлэн баялгийн сантай болохдоо Норвегийн туршлагыг судлахаар болж буй. Баялгийн сантай болох нь мэдээж зөв, зүйтэй хэрэг  гэдгийг дээр дурьдсан. Гэхдээ бас асуудал байна аа.

 

БАЯЛГИЙН БА ХҮНИЙ ХӨГЖИЛ САН

 

Энэ хоёр сан юугаараа ялгаатай вэ. Хүний хөгжил санг анхнаасаа улс төрийн зорилготой, намуудын амлалтыг биелүүлэхийн тулд байгуулсан. Харин баялгийн сан улс төрөөс хараат бус, бие даасан удирдлагатай байх ёстой. Баялгийн сангаас иргэдэд бэлэн мөнгө өгөхгүй. Юун түрүүнд энэ сангийн хөрөнгийг улсынхаа хөгжилд зарцуулна. Дараа нь сан өөрөө ашигтай ажиллаад эхэлбэл, иргэдэд хувьцаа олгож, ногдол ашиг хуваарилна. Энэ утгаараа Хүний хөгжил сангаас ялгаатай. Гэхдээ одоогоор ярьж буй баялгийн сангийн үзэл баримтлалыг эргэн харъя. Ерөнхийдөө байгалийн баялгийнхаа орлогыг иргэддээ эрх тэгш хуваарилах, төсвийн тогтвортой байдлыг хангах, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн гурван чиглэлтэй. Уул уурхайн орлогыг тэгш хуваарилахын тухайд Хүний хөгжил сан аль хэдийнэ байгуулагдчихсан. Харин төсвийн тогтворжуулалтыг хангахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөн батлаад хэрэгжүүлээд явж байгаа. Баялгийн сангаас бэлэн мөнгө бус хувьцаа олгож, ногдол ашиг хуваарилна гэж буй. Тэгвэл хувьцаа олгоно гээд “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилчихсан. Цаашдаа “Эрдэнэс МГЛ”-д стратегийн ач холбогдол бүхий орд газруудын лицензийг төвлөрүүлж, тус компаниар дамжуулан иргэдэд бүхий л ордоосоо хувьцаа эзэмшүүлнэ гэж буй. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулах баялгийн сан нь эдгээр сангуудаас юугаараа ялгаатай байх вэ. Хэрвээ баялгийн сангаасаа иргэдэд хувьцаа олговол одоо байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг яах вэ гэх мэт асуудлууд тодорхойгүй. Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн тогтворжуулалтын сан болон Хүний хөгжил санг өөрчлөн зохион байгуулах замаар баялгийн сан болгоно” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

 

БАЯЛГИЙН САНГ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ

 

Баялгийн сан хэрхэн ажилладаг вэ. Товчхондо уул уурхайн салбараас орж ирэх орлогыг хуримтлуулна. Ор­логоо хуримтлуулж, эргэлтэд оруулж, арвижуулна. Олон улсын хөрөнгийн зах зээлд ажиллана, хувьцаа худалдан авч, хувьцааныхаа ашгаас ард түмэндээ ашиг хуваарилах юм. Дэлхийн хэмжээнд “тоглолт” хийнэ гэсэн үг. Харин үүнийг хийж чадах шилдэг боловсон хүчин байна уу. Ямартай ч Сангийн яамнаас уг асуудалд анхаарал хандуулж байгаа гэсэн. Сангийн сайдын хувьд үндэсний шилдэг боловсон хүчнээр санг удирдуулна гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Нэг үеэ бодвол монголчууд гадаад, дотоодод боловсрол эзэмшиж, дэлхийн төвшинд ажиллах чадвартай болсон. Тийм учраас монгол хүн өөрөө санг удирдаад явах бүрэн боломжтой. Гэхдээ тэглээ гээд санг байгуулах, удирдахад ямар ч асуудалгүй гэж ойлгож болохгүй. Зөвхөн удирдахаас гадна улс төрөөс ангид байлгах, ил тод, нээлттэй ажиллах гэх мэт олон шаардлага бий. Шилдэг боловсон хүчин байсан ч улс төрөөс ангид байж чадахгүй бол ямар хэрэг байх билээ. Ямартай ч Баялгийн санг улс төрөөс хараат бус, дарамтгүйгээр ажиллуулах бүх нөхцлийг хуулиар бүрдүүлнэ гэж Сангийн яамныхан мэдэгдэж буй. Нөгөөтэйгүүр Сангийн сайдын өгсөн ярилцлагаас үзвэл баялгийн сан нь төсвийн тогтворжуулалтын болон ирээдүйн хөгжлийн тогтвортой байдлыг хангах ирээдүй үеийн сан гэсэн хоёр хэсэгтэй байх аж. Энэхүү хоёр сангийн удирдлагыг Сангийн яам хэрэгжүүлэх юм байна. Харин хөрөнгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэхэд бие даасан Хөрөнгө оруулалтын корпораци байгуулах ерөнхий чиглэлтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, сангийн үйл ажиллагаанд Засгийн газар тодорхой хэмжээнд оролцох нь. Баялгийн сангийн хүрээнд байгуулагдах хоёр санг засаг удирдах нь байна шүү дээ. Тэгэхээр засаг солигдох болгонд сангийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх эрсдэлтэй гэсэн үг.

 

БАЯЛГИЙН САН БАЙГУУЛАХАД ЭР ЗОРИГ ХЭРЭГТЭЙ

 

Яагаад гэвэл баялгийн сан нь ямар нэгэн улс төрийн зорилгогүй, цэвэр улс орны хөгжлийн төлөө ажиллах институци. Баялгийн сан байгууллаа гээд улстөрчид ашиг олохгүй. Аль нэг нам нь сонгуульд ялахгүй. Яагаад гэвэл баялгийн сан байгуулагдмагцаа ард түмэнд бөөн мөнгө өгөөд л, ашиг хийгээд явахгүй. Баялгийн сангаас ард түмэнд хувь хишиг хуваарилах талаар дор хаяж таван жилийн дараа л ярьж эхлэх боломжтой гэдэг. Норвегийн баялгийн сан гэхэд анх байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дараа л иргэдэд ногдол ашиг хуваарилж эхэлсэн байдаг. Энэ утгаараа баялгийн сан байгууллаа гээд улстөрчдийн рейтинг өсөөд, эсвэл сонгуульд ялах нь юу л бол. Нөгөөтэйгүүр манай улс шиг хөгжиж буй орны хувьд аль болох богино хугацаанд байшин барилга, хурдны зам барих шаардлагатай. Улс төрийн нам эрх барих хугацаандаа аль болох ахиу ажил хийж, амлалтаа биелүүлэн, дараагийн сонгуульд ялахыг хичээнэ. Харин баялгийн сан аль болох ахиу хөрөнгө  хуримтлуулахыг зорино. Нэг ёсондоо баялгийн санг улс төрийн өнцгөөс харвал тийм ч хэрэгтэй зүйл биш байгаа биз.Мэдээж бүх орлогоо үрэн таран хий, утсга гэсэн үг биш. Тэгээд ч орлогоо хуримтлуулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталчихсан. Магадгүй энэ нь зарим улстөрчдийн хувьд хангалттай. Дахиад баялгийн сан байгуулах зайлшгүй шаардлага байна уу, үгүй юу. Улс төрийн өнцгөөс харвал тийм ч тулчихсан шаардлага одоохондоо алга. Энэ мэтчилэн эсэргүүцэлтэй тулж болох юм. Тэгэхээр үүнийг байгуулахад улс төрийн эр зориг хэрэгтэй. Тэр эр зориг улстөрчдөд байгаа, эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч “Монгол Улс баялгийн сантай байх ёстой” гэсэн шийдэл гарчихаад байгаа. Үүнийг л одоохондоо сайшаая. Жирийн нэгэн уриалга болоод өнгөрөхгүй байх гэж найдъя.

 

Б.Баатар