Эрүүл мэндийн яам ‘’хадны мангаа’’-тай болжээ
2013/05/01
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хатанбаатар яамныхаа ажилтнуудыг байнга дарамталж хэл ам татлаад багагүй хугацааг барж байна.
Тэрээр хүн удирдах ур чадваргүй, харилцааны ямар ч соёлгүй нэгэн бөгөөд баг хамт олноо эв найртай удирдан ажиллахыг мэдэхгүй, дөргүй бух шиг өөрийнхөөрөө зүтгэдэг, хүнийг янз бүрийн муухай үгээр утаж, ‘’үмхий үнэртүүлж’’ явдаг бүдүүлэг нөхөр гэж тус яамныхан жиг жуг хийдэг. Тэрээр даварсаар даварсаар Дагвын орон дээр гарч байгаа жишээг захаас нь цухуйлгахад хамгийн сүүлд яамны газар хэлтсийн дарга нарыг нь цуглуулан хорон үгээр дарамталж ‘’агсан’’ тавьсан гэнэ. Хамгийн ноцтой нь тэрээр тус яамны зарчимч шаардлага тавьсан нөхдүүдийг янз бүрийн байдлаар дарамталж, надаар оролдсон хүмүүс нус нулимстайгаа л холилдож, уйлаан майлаан болоод л хоцорч үлддэг юм даа хэмээн далд хүчний хар дом хийнэ шүү гэсэн далд утгатай үг дайж, айлгаж ичээсэн гэнэ. Иймээс ажлын байранд айдас хүйдэстэй ийм нөхцөлд түүнтэй хамтран ажиллах ямар ч боломжгүй боллоо гэдгээ илэрхийлж, зарим газар хэлтсийн дарга нь ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл барин гүйлдэх болсон гэнэ. Тэрээр яамны ажилтнуудаа зохион байгуулалттай хагарал эвдрэлцэл бий болгох ажил ундруулж суухаас өөр ажил хийдэггүйг зарим эх сурвалж хэлж байна.
Түүнтэй холбоотой янз бүрийн явган яриа бишгүй байдаг төдийгүй саяхан МАХН-ны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн У. Барсболд нь түүнтэй ах дүү хамаатан садны сүлбээтэй төдийгүй энэ хоёр яамнаас зарласан үлэмж хэмжээний мөнгөн дүнтэй эмнэлэгийн барилгын тендерт оролцох гадаадын компанид тухайлбал БНСУ-ын зарим компаний удирдлагуудтай хувь тохирон, тухайн компанийг ялуулахаар урьдчилан тохирсон мэдээлэл нь Тагнуулын Ерөнхий газрын сонорт хүрч, уг тендерийг цуцалсан гэх яриа байдаг. Хэрэв энэ мэдээлэл нотлогдсон тохиолдолд Төрийн нарийн бичгийн дарга Хатанбаатарын зөвхөн ёс зүйн асуудлыг төдийгүй албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудал босож ирэхийг үгүйсгэхгүй юм.