Багшийн ажлыг хүүхдийн хөгжил, ахиц, амжилтаар үнэлдэг боллоо
2014/08/17
Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/293 дугаар тушаалаар Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам шинэчлэгдсэн. Энэ журмаар сургууль, цэцэрлэгийн багш хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх, бүтээлч ажлын ахиц амжилтаа таван төрлийн 12 шалгуураар үнэлүүлж, урамшил авах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл багш төлөвлөгөөнд тусгасан хичээлээ орсон эсэхээ цаасан дээр тайлагнаж үнэлүүлдэг байсан нь өөрчлөгджээ. Эдгээр шалгуураа үндэслэн багшид 0-100 оноо өгч, хангалтгүй, дунджаас доогуур, дундаж, сайн, хангалттай сайн, маш сайн гэсэн үгэн үнэлгээ өгнө. Хүүхэд бүрийнхээ авьяасыг нээн чадавхижуулж, сонирхолд нь тулгуурлан сургаж, хөгжүүлж чадсан багш 80-аас дээш оноо буюу хангалттай сайн, маш сайн гэсэн үнэлгээ авна. Улмаар сайн багш сарынхаа цалин дээр “Ур чадварын нэмэгдэл” хэмээх давхар цалин авах болж байгаа юм. Багш нар шинэ журмын талаар ярихдаа “Багшийн ажлыг цаасаар үнэлхээ больсон нь маш зөв. Багшийн ажилд тэр их тайлан конспект бичнэ гэдэг их ажил байсан. Одоо бол тэр цагаа хүүхдийнхээ хөгжилд зарцуулах болж байна. Хүүхдийнх нь ахицаар багшийг үнэлж, урамшил цалин олгох нь шударга зарчим. Хэн сайн тайлагнадаг нь биш хүүхдээ хэн сайн хөгжүүлсэн нь л өндөр цалин авна.” гэж байсан юм.