П.Батболд:Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл мэндэлнэ
2014/08/17
Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирэх гэж байна. Энэ бол Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм. Тэд энэ сарын 24-ний өдөр албан ёсны нээлтээ хийх гэж байгаа юм байна. Удахгүй өөрсдийн уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм байна.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Баярлалаа. Танд ч бас.
Таны уран бүтээл өндөр үү?
Уран бүтээлийн ажил арвин байнаа. Нэгдлийн ажил эхэлчихсэн ажил ихтэй л байна.
Нэгдэл гэснээс та нэгдлийнхээ талаар яриач?
Бидний хэсэг нөхөд нэгдэл байгуулая гэж ярилцсанаар манай нэгдэл анх байгуулагдсан. Уран бүтээлийн Чүрэ нэгдлийг байгуулаад удаагүй байгаа ч бүтээлүүдээ туурвиад эхэлчихсэн удахгүй нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийх гэж байна.
Нэгдлийн нэр их сонирхолтой санагдаж байна. Ямар утгатай нэр вэ?
Тиймээ энэ нэрийг өгөх болсон нь өөрөө их сонин түүхтэй. Манай уран бүтээлчид цуглаад нэгдэлдээ нэр өгөх гээд их олон нэрний хувилбартай болчихоод санал хураалтаар шийдэх болоод сууж байтал манай Лука гаднаас нэг хүнтэй ороод ирлээ. Хамт явсан хүн нь Д.Ганпүрэв ах байсан юм. Алтай ятгыг дуурьсгах ёслол болох гээд байгаа талаар яриад Ятгын үүх түүхийг бидэнд сонирхуулан ярьж өгсөн юм. 7-р зууны үед амьдарч байсан бидний өвөг дээдэс хөгжим тоглодог байсан баримт олдвор олдсоныг хэлээд Ятган дээрх бичигт Чүрэ гэгч баатар эр ятгыг тоглодог байсныг бичсэн байсан гэж ярьсан юм. Энэ нь Монголд л байгаа цор ганц хосгүй олдвор болохыг ч тайлбарласан юм. Ингээд энэ түүх бидний сонирхолыг ихэд татсан юм. Чүрэ гэгч баатар эр байсан тухайг дахин ярилцаад, баатрын нэрээр нэрлэе гэж хэлэлцээд санал хураахад шууд л дэмжигдсэн. Тэгээд л энэ нарийг бэлэгшээн өгсөн юм. Чүрэ баатрын дүрийг ч бүтээлгэж байгаа. Бидний шүтэх шүтээн болж байгаа юм.
Их сонирхолтой юмаа. Дүрийг нь бүтээлгэж байгаа юм уу?
Тиймээ. Дүрийг нь бүтээлгэж залах гэж байгаа юм. 27 настай ятгач баатрын дүр.
Уран бүтээлчдийнхээ талаар яриач?
Манай нэгдэл одоогийн байдлаар нийт 60 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тайз дэлгэцийн чиглэлээр уран бүтээлээ туурвих юм. Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуулийг урлагийн бүхий л чиглэлээр төгссөн найзууд үүсгэн байгуулсан ч одоо бидний дунд урлагийн маш олон хүмүүс нэгдээд эхэллээ. Бидний нэгдлийн гол зорилго бол хүчээ нэгтгэж сайн уран бүтээл туурвин Монголынхоо урлагийг дэлхийд хүргэхэд чиглэгдэж байгаа. Тийм учраас уран бүтээлийн Чүрэ нэгдлийн үүд хаалга хэн бүхэнд нээлттэй. Хамгийн гол шалгуур нь мэргэжлийн хүмүүс байхад л оршиж байгаа. Уран бүтээлчид мэргэжлийн байж байж л мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээл туурвина. Бидний нөхөд доод тал нь 10 жилийн хугацаанд салбартаа ажилласан хүмүүс байдаг. Бүхий л мэргэжлийн уран бүтээлчид цогцоороо нэгдэж чадсан нь бидний давуу тал юм. Жишээлбэл, зохиолч, найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, менежер, хөгжмийн зохиолч гээд бүтээл туурвих багт ажиллах бүх мэргэжлийн уран бүтээлчид байгаа юм.
Нэгдэл гэдэг өөрөө их өргөн утгатай ойлголт байх л даа?
Тэгэлгүй яахав. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Дан ганц урлагийн салбар ч гэлтгүй ер нь эвлэн нэгдэх байдал бүхий л салбарт харагдаж байгаа. Эвлэн нэгдэх нь их чухал зүйл л дээ. Тэр тусмаа урлагийнхан нэгдэж эхэлсэн нь бусдад их том үлгэр дуурайл үзүүлдэг байх гэж боддог шүү.
Тийм шүү. Нэгдлийн нээлтийн үйл ажиллагаа гэж ярилаа. Энэ талаараа яриач?
Бид уран бүтээлийнхээ албан ёсны нээлтийг энэ сарын 24-ний өдөр хийх гэж байна. Учир нь бид нэгдлээ албан ёсны хуулийн этгээд болгон ажиллаж эхэлж байгаа юм. Мөн нийт гишүүдээ хооронд нь танилцуулах ач холбогдолтой үйл ажиллагаа болно гэж бодож байгаа. Хамтран ажилладаг байгууллагууддаа ч талархал илэрхийлэх бодолтой байгаа юм.
Одоо ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа вэ?
Дэлгэцийн бүтээлүүд дээрээ эрчимтэй ажиллаж байна. Нэгдэл өөрөө хүн хүчний тал дээр хангалттай байгаа болохоор цаашид төлөвлөсөн ажлууд ч их байна. Нэг зэрэг нилээд хэдэн бүтээл төслүүд дээр ажиллахад ч таатай байгаа. Удахгүй бидний бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно. Энэ бүх бүтээлүүдээ туурвихад маань хамгийн ихээр тус дэм болдог хамтран ажиллагч байгууллагууддаа баярын мэндийг хүргэе гэж бодож байна. Уран бүтээлийн нэгдлийн нээлт бол бидний хувьд хамгийн сайхан баяр байх болно.
Түмэн хүсэл, түмэн сэтгэл, түмэн оюун нэгдэн мөнх тэнгэрийн дор гал мэт дүрэлзэх тэр өдрийг л тэсэн ядан хүлээж байна даа.
Ярилцахад таатай байлаа. Танд болон нэгдлийн тань нийт хамт олонд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе! Биднийг хүндэтгэн ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.
Ярилцлага өгсөн: Чүрэ уран бүтээлийн нэгдлийн найруулагч П.Батболд
Зочин · 2014/08/18