Автотээврийн үндэсний төвийн  хэд хэдэн ажилтан ы 500 гаруй машины бичиг баримтыг  хуурамчаар үйлдсэн хэргээр  шалгагдаж байгаа билээ.  Энэ хэрэгт гадаадын иргэд оролцсон байх магадлалтай гэнэ.  Тиймээс энэ сарын 15-ны өдөр Казакстан  улсын гурав, Киргиз улсын дөрвөн иргэн  манай улсад хоёр  ширхэг LEXUS 470 машин оруулж ирсэн тохиолдолыг  шалгаж байгаа ажээ.  Тэднийг Улсын мөрдөн байцаах газраас саатуулж,  Эрүүгийн хуулийн 166 татвар төлөхөөс зайлсхийх,  мөн хуулийн  233 хуурамч бичиг баримт, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх ашиглах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, саатуулсан  байгаа юм. Ингэхдээ саатуулсан өдрийнхөө орой нь   Казакстаны хоёр иргэнээс бусдыг нь сулалсан байна.

Манай улсын хууль, хяналтынхан ажил үүргийн хувьд хэнийг ч сэжиглэн шалгах эрхтэй ч маш энгийн алдаа гаргаж Монгол-Казакстан улсын харьцаанд сэв суулгаж болохоор  алдаа гаргажээ.  Тодруулбал  Казакстан улсын хоёр иргэнийг саатуулсан талаараа Мөрдөн байцаах газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461-р хорих ангийнхан  Казакстан улсын  элчин сайдын яамд албан ёсоор 24 цагийн дотор  мэдэгдэх ёстой.  Энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  61.2, 68.7-д заасан байдаг.  Гэтэл  Казакстан улсын хоёр иргэнийг саатуулсан талаар Казакстан улсын элчин сайдын яамд  24 биш 72 цагийн дараа мэдэгдсэн байна.  Үүнд Казакстан улсын элчин сайд эгдүүцэж байгаа нь илт байлаа.  

Монгол улсад гадаадын иргэнийг саатуулж байгаа тохиолдолд Монголчуудаас тусгаарладаг. Тэгтэл Казакстан улсын хоёр иргэнийн  Баян-Өлгийн Казак хэмээн андуурч Монголчуудтай хорьсон байна. Энэ нь  Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдах хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн  хэрэг ажээ.  

 Казакстан улсын хоёр иргэний хувьд  мусальман шашинтай болохоор   хүссэн ч эс хүссэн ч хорих 461-р ангид өлсгөлөн зарлахад хүрээд байгаа гэнэ.  Өөрөөр хэлбэл мусальман шашинтнуудын хувьд  малыг нядлахдаа бүх цус нь урсгаж байгаад хүнсэнд хэрэглэдэг. Хэрвээ Монголчууд  шиг малыг төхөөрч, хоол хийсэн бол  мусальман шашинтнууд огт иддэггүй байна.  Яг ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл  Казакстан улсын хоёр иргэн  өнгөрсөн баасан гарагаас эхлэн юу ч идээгүй, хууч өвчин нь хүндрэх эрсдэлтэй байгаа гэнэ.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа