Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 1900 төгрөг даваад байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан ханш 1871 төгрөг байна. Харин арилжааны банкуудад ам.доларын авах үнэ 1852-1853, зарах ханш 1863-1864 төгрөг. Ийнхүү ам.доларын ханш 30 төгрөгөөр буурлаа. 

Долларын буурахгүй өдөр ирэх тусам өсөөд байсан шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын үнэ хямдарсантай холбон тайлбарласан. Гэвч үүнийг нэг хэсэг нь зориудаар зохиомол үнийн хөөрөгдөл байж болох талтай хэмээн үзэж байгаа юм.

Ам.долларын ханшийг буурахаар ард иргэд баярладаг гэхэд болох биз. Харин нөгөө хэсэг нь алдагдалд орж байгаа бололтой. Тодруулбал,  валютыг ихээр хадгалж байсан хүмүүс ханш огцом унахад алдагдал амсч байгаа гэнэ. Өнгөрсөн оноос эхлэн валютын нийлүүлэлт буурсан гэх шалтгааны улмаас долларын ханш өсөхөд нөлөөлсөн аж. Харин үүний улмаас зарим байгууллагууд болон хувийн хэвшлийнх нь алдагдалд орсон. Монголын ажил олгогчдын эздийн холбоо, ҮЭХ хамтран долларын ханшийг хүчээр барихыг уриалж эхэлсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгч өнгөрөгч долдугаар сарын сүүлээр долларын өсөлтийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ нэмж буйгаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч үр дүнгээ үзүүлээгүй. Өнөөдөр долларын ханш буурч байгаа нь сайн хэрэг. Ийн огцом буурсан нь зохиомол үнэ өсгөлт байсан гэх харыг батлаад байх шиг.

Ямартай ч долларын ханш буурсан эхэлсэн, харин юанийн ханш 308 төгрөгтэй тэнцэж байна. Энэ хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой. Урд хөршийг 8 сарын сүүлээр зорих наймаачдын тоо ихсэж, хөл хөдөлгөөнд ордог гэж холбогдох хүмүүс учирладаг.

Мөн хүнсний гол нэрийн барааны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ сарын 13-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.5 хувь,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар буурчээ. Дэлгэрэнгүйг танилцуулвал,

Махны дундаж үнэ: хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.5 хувь, үхрийн ястай махны үнэ 5.9 хувь, үхрийн цул махны үнэ 9.4 хувь, адууны махны үнэ 5.4 хувиар буурч, ямааны махны үнэ 6.3 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 3.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.2 хувь, ямааны махны үнэ 2.4 хувиар буурч, хонины ястай махны үнэ 0.6 хувиар өссөн бол, адууны махны үнэ  өөрчлөлтгүй.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6635 төгрөг, үхрийн /ястай/ мах 7485 төгрөг, үхрийн цул мах 8880 төгрөг, адууны мах 5940 төгрөг, ямааны мах 5810 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.8 хувиар буурч, 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 7.4 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 2.4 хувиар буурч, бусад гурилны үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 13-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.9 хувиар өссөн бол, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 13-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ өөрчлөлтгүй, манжингийн үнэ 17.7 хувь, луувангийн үнэ 18.0 хувь, сонгины үнэ 0.8 хувь, байцааны үнэ 14.3 хувиар буурчээ.

Өмнөх 7 хоногийнхоос байцааны үнэ 2.9 хувиар өсч, луувангийн үнэ 7.3 хувиар буурчээ.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.0 хувь, задгай сүүний үнэ 9.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өссөн.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна.

Х.Даваа