Чингисийн зурагтай хайрханг ухаж эхэлжээ
2013/05/02
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар олгогдсон газар эзэмших зөвшөөрөл хэрээс хэтэрч, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амар тайван амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна.
Тус дүүргийн I, XI, XV хороодод иргэдийн эрх ашиг илүүтэй зөрчигдөж байгаа боловч асуудал дундардаггүй нь XI хороо буюу Зайсангийн аманд байрлах 500 гаруй өрхийн 6000 гаруй иргэдийн асуудал юм.
Зайсангийн ам дархан цаазат бүсэд ордог. Тус аманд 1950 оноос хойш амьдарч байгаа уугуул иргэдэд газар эзэмшлийн гэрчилгээ байдаггүй учраас барилгын компаниудад газраа булаалгахад хялбар гэнэ.
Энэ мэт байдлаар 10 жилийн хугацаанд үнэтэй орон сууцнууд баригдаж XI хороо буюу Зайсангийн ам нь баячуудын тодотголтой болсон байна.
Тэдгээр газруудад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон боловч орон сууц барьж их хэмжээний ашиг олж уугуул оршин суугчдыг барилгын компаниуд дээрэлхэж цаашдаа газрыг нь булаах дээрээ тулаад байгааг оршин суугчид нь “ховлож” байна.
Энэ үеэр тус хорооны иргэдээс тодрууллаа.
XI ХОРООНЫ ИРГЭН Б.БААТАР: ОЛОН ХҮН ШҮҮХДЭЖ БАЙГАА
-Газар эзэмших эрх зөрчигдөж буй талаар жагсаж байна. Яаж зөрчигдөж байна бэ?
-Манайх Хан-Уул дүүргийн XI хороонд гурван үеэрээ дамжин амьдарч байна. Бидний амьдардаг газар эзэмших эрх гэдэг зүйл их зөрчигдөж байгаа юм. Том компаниуд ирээд уугуул иргэдийн газрыг булаах байдал олон жил үргэлжилж байна. Олон хүн шүүхдэж байгаа. Тиймээс газрынхаа төлөө л тэмцэж явна.
Манай хороонд “Бөхбат”, “Апу”, “Бишрэлт”, “Пинанс” гэх мэт компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Өчигдөр гэхэд хуучин УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсангийн Чингисийн зурагтай хайрхан уулыг ухаж эхэлсэн. Үүнийгээ бидэнд эзэмшил газартаа юу хийхээ өөрсдөө мэднэ гэж тайлбарласан.
-Яагаад газраа булаалгаад байдаг юм бол. Шийдвэрлэх боломжгүй юм уу?
-Бидэнд газар эзэмших гэрчилгээ байхгүй ээ. Зөвхөн Халдвартын ажилчдын байранд хувьчилж өгсөн гэсэн бичиг байдаг. Энэ маргаан олон жил үргэлжилж байна. Сонгууль болоход намуудаас нэр дэвшиж байгаа дэвшигчид “Намайг сонговол та нар газартай болно” гээд л хэлдэг. Тэгээд эргээд л таг болчихдог. Харин сүүлд сонгогдсон гишүүд маань биднийг сонсож байгаа.
XI ХОРООНЫ ИРГЭН Д.АЛТАНЧИМЭГ: БАЯН ХОРООЛОЛД АМЬДАРДАГ БОЛОХООР БАЯН БАЙХ АЛБАГҮЙ БИЗ ДЭЭ
-Зайсангийн аманд амьдардаг иргэдэд газар эзэмших эрх олгодоггүй гэх юм?
-Тийм ээ олгодоггүй. Гэтэл компаниудад болохоор олгоод байдаг. Энэ газарт 15-50 жил амьдарсан иргэд бий. Тэгээд ганцхан гэрийнхээ буурийг авья гэхэд та нар хууль зөрчиж байна гээд өгдөггүй. Зайсангийн аманд баригдаж байгаа барилгууд бүгд зөвшөөрөл байхгүй. Аялал жуулчлалын нэрийн дор аваад том орон сууцнууд барьчихдаг. Тэдгээр компаниудад хууль яагаад үйлчлэхгүй байна вэ гэдэг нь асуудалтай юм. Үүнийг газрын албаныханд мөнгө өгөөд хахуульддаг гэж хардаж байгаа.
XI хороог баячуудын хороолол гэдэг. Гэтэл гэр хорооллын иргэд баян биш. Биднийг зуух болон бусад зүйлд хамрагдах гэхээр өгдөггүй. Учир нь баячуудын хороололд амьдардаг болохоор гэнэ. Баян хороололд амьдардаг болохоор баян байх албагүй биз дээ.
-XI хороог татан буулгая гэж байна. Энэ ямар учиртай вэ?
-Бидэнд үйлчилдэггүй хороотой байх хэрэг байна уу. Дандаа л мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийг бодох юм. Аргагүйн эрхэнд ингэж уриалж байна. Үүгээрээ бид дарга нарынхаа сонорт хүрэх гэж оролдож байна.
Монгол хүн өөрийн харьяалал болох хороогоо татан буулгая гэж уриалж байх юм. Үүнээс тэдний эрх ашиг хэр их зөрчигдсөн байгааг харж болно. Хүндээ үйлчилдэггүй хорооноос харьяалалгүй байхыг илүүд үзэх энэ дүр төрөх юуг өгүүлнэ вэ. Үнэхээр газрын төлөөх дайн дандаа мөнгөтэй хүмүүсийн талд өндөрлөдөг болсон гэдгийг харуулж байна уу.
Үүгээр ч зогсохгүй Хан-Уул дүүрэгт газрын маргаан олон бий. Тиймээс I хорооны нутаг дэвсгэр дэх 120 мянгатын автобусны буудлын баруун урд байрлах мод, бут бүхий нийтийн эзэмшлийн талбай, зарим байрны дэргэд олгосон газрын зөвшөөрлийг даруй цуцлан хүүхэд залуус, хөгшдийн чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн болгохыг шаардаж байна.
XV хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаад дотоодын жуулчид олноор үзэж сонирхдог, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг түүхэн дурсгалт “Богд хааны ордон музей”-н орчин нийтийн эзэмшлийн зам талбайд “Вант трейд” компани хууль бусаар газрын зөвшөөрөл авч, үйлчилгээний барилга барьж, үйлчилгээ эрхэлж байгаа нь архитекторын онгой шийдэлтэй нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн барих ажилд саад учруулж байгаа үйлдлүүдийг даруй таслан зогсоохыг тус тус шаардаж байгаа аж.
Г.Золбоо
air jdan 3.5 · 2013/06/04
Interesting write-up and a single which needs to be me extensively known about in my view. Your level of detail is very good and also the clarity of writing is excellent. I have bookmarked it f you personally so that others are going to be in a position to see what it is advisable to say. air jdan 3.5