Монголын Хөрөнгийн бирж /МХБ/ ТӨХК-ны 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулав.

Дээрх шалгалтаар их эрсдэлтэй буюу "Хангалтгүй" гэсэн үнэлэлт дүгнэлт өгчээ. Байгууллагын мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар болон хувийн хэрэгцээнд зарцуулсан, зарим ажилтнуудыг үндэслэлгүйгээр шагнаж урамшуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүдэд 7 акт тавигдаж 112.6 сая төгрөгийг нэр бүхий албан тушаалтнуудаар нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэн "МХБ нь урамшууллыг олгохдоо тус компанид гурван сар ажилласан бол цалингийн 50 хувь, зургаан сар ажилласан бол 100 хувь, удирдах албан тушаалтнууд нь 2 сарын болон түүнээс дээш хэмжээнд урамшуулал авдаг байсан нь дээрх шалгалтаар батлагдсан. Тиймээс тэтгэмж урамшуулал, шагналыг шийдвэр зөрчин олгосон гэж үзэн 62.7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх нь зүйтэй" гэсэн юм.

Мөн МХБ-ийн орлогч гурван захирал албаны машин хэрэглэсэн. Албанд унах авто машины шатахууных нь зарцуулалт 16.8 литрээс хэтрэх ёсгүй гэдгийг бас зөрчсөн. Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянгад багтсан гар утасны ярианы төлбөрийг нь төлнө гэж зөвшөөрсөн байтал түүнээс давсан төлбөрийг МХБ-иэс гаргуулсан байна. Гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний картыг хоолонд орох зэргээр зориулалтын бусаар ашигласан тул тус биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтайгаар 17 сая төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ уг акттай санал нийлэхгүй гэдгийг тухайн үеийн МХБ-ийг удирдаж байсан Х.Алтай эсэргүүцсэнээр акт тавих асуудлыг дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэх юм.

Х.Даваа