БНХАУ-ын долоон иргэн манай улсад ял эдэлж байна
2014/08/21
Бээжин хотноо 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэн зурсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээг Монгол Улс 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар соёрхон баталсан, БНХАУ-ын Ерөнхийлөгч 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бүх хятадын ард түмний их хурлын 12 дахь удаагийн IX Бүгд хуралдааны шийдвэрийн дагуу соёрхон баталсан бөгөөд тус гэрээ нь Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хойш 30 дахь өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас хамгийн их нь БНХАУ-д ял эдэлж байна. БНХАУ-д одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн 41, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 16, Макаод 1 Монгол Улсын иргэн байгаа бөгөөд үүнээс зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 32 иргэн байна. БНХАУ-д хорих ял эдэлж буй нийт 14 монгол иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг бид БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 7 иргэн ял эдэлж байгаа бол саатуулан шалгагдаж байгаа 5 иргэн байгаа ажээ.
Хоёр орны хооронд ялтан шилжүүлэх талаар тусгайлан гэрээ байгуулаагүй тохиолдолд тухай бүр асуудлыг шийдэх боломж хязгаарлагдмал байдаг. Иймд БНХАУ-тай байгуулсан Ялтан шилжүүлэх тухай гэрээ нь эх орондоо ялаа эдлэх хүсэлтэй иргэдээ шилжүүлэн авах ажиллагааг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх боломж бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.