Сүүлийн үед шар хэвлэлийн баатар болоод байгаа дуучин Г.Ариунбаатар нэлээдгүй сенсааци тарьсан. Учир нь түүний фэйсбүүк чат олонд дэлгэгдсэн явдлаас үүдэлтэй ийн баатар болж орхисон нь тэр. Эл сенсаацийг эргэн сөхвөл, Г.Ариунбаатарын эхнэр өөрийнх нь цахим хуудсаар тэр хоёрын харилцсан зүйлийг, зураг хөрөгтэй нь дэлгээд "Энэ хоёр үнэн төрх. Ажлаар Америк явсан гэж бодсон чинь ийм л юм хийж явдаг хүмүүс байж" хэмээн постолсон.

Үүний хариу болгож Д.Отгонжаргал "Хүмүүсийн өмнөөс мессежүүд хольж, сольж бичиж хакердаад хэн нэгнийг чадаж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Яг одоо дээл хувцсаа өмсөөд тоглолтондоо явах гэж байна. Ингэж хүмүүсийн өмнөөс мессеж бичээд байдаг бол сонирхолтой юм ер алга. Санаа зовох зүйл ч алга" гэж тайлбар хийж байсан удаатай.

Тэгвэл нэг газар хамт ажилладаг дуучид өдгөө эх орондоо ирсэн бөгөөд дуучин Г.Ариунбаатар ирэнгүүтээ нэгэн ярилцлагыг хэвлэлд өгчээ. Дээрх сенсаацийн талаар тэрбээр "Миний гэр бүлийн ар талд асуудал бий. Яг ний нуугүй ярихад гэр бүлийнхээ хүнтэйгээ хоёр талд байгаа. Албан ёсны гэрлэлт цуцлуулах асуудал яг одоо яригдаад  шүүхийн шатанд явж байна. Үнэндээ бол асуудал хэцүү шүү дээ. Би фэйсбүүк хаягнаасаа ингээд л ийм юм болжээ, би тийм бишээ гэлтэй биш, эвгүй.

Эхнэр бид хоёр бие, сэтгэлийн хувьд салсан, бичиг баримтын хувьд салаагүй. Үүгээрээ миний нэр төрийг унагаая, мууг үзье гэсэн хүслийнх нь л нэг хэлбэр гэж бодож байна. Мөнгөөр бүхнийг шийдэж болдог юм байна. Мөнгөтэй хүн хүсвэл аливааг үгүйсгэж, бүхнийг шийдэж чаддаг юм байна. Олон удаагийн үйлдэл байна, над дээр. Эхэндээ эмзэг хүлээж авч байсан. Сүүлдээ, за яахав дээ, энүүгээрээ тэр хүн кайф аваад, намайг чадаж дорд оруулна гэж бодож байгаа бол хамаа алга гэж бодох болсон" гэв.

Түүнээс дуучин Д.Отгонжаргалтай ямар харилцаатай талаар тодруулахад, "Бид хоёрын хувьд СУИС-иас эхлээд найзууд. Нэг багшийн шавь нар, нэг ажилд томилогдсон. Энэ гэмт хэрэг биш биз. Сайхан найзууд, цаашдаа дотно болох үгүйг би мэдэхгүй. Үнэндээ бол бид хоёрт болохгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Эхнэрээ хуурсан гэнэ, Отгонжаргал гэр бүл үймүүлсэн л гэнэ. Ийм асуудал үнэнийг хэлэхэд байхгүй. Миний фэйсбүүк хаягнаас тэр чаатыг олоод ийм дүгнэлтэнд хүрнэ гэдэг асар эмгэнэлтэй асуудал. Сургаар гарсан яриа. Ер нь бид асуудал үүсгэсэн байсан ч яадаг юм" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Ана