Ерөнхийлөгчийн сонгуульд намууд бэлэн үү
2013/05/03
АН ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАХИН ДЭВШҮҮЛНЭ
Монголчууд бол улс төр гэдэг сэдвээс хэзээ ч уйддаггүй, амьдралынх нь нэг хэмнэл болчихсон ард түмэн. Хоёр хүн муудалцвал аль намынх билээ гэж улстөржүүлнэ. Намууд ч үүнийг сайн дөгөөж өгнө. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй гээд л хэн нэгнийхээ улыг шагайцгааж бужигнуулна. Энэ мэтээр хөл, толгойгүй улстөржиж, хөгшин залуугүй намчирхаж байдагтаа ч дасчихаж. Нөгөө талаар улс төр нь иргэдийнхээ амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлж байдагтай нь ч холбоотой биз. Тиймээс энэ удаа намуудын улс төрийн дотоод амьдралын сонин хачныг сонирхлоо. Одоогоор амтай болгоны ярианы сэдэв бол удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль. Аль нам хэрхэн бэлтгэж байна.
Гол өрсөлдөөн Ардчилсан нам, Монгол ардын намын хооронд болно гэж ажиглагчид үзэж байгаа ч парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой учир МАХН, МҮАН-ыг тойргийн гадна орхиж болохгүй. Дээрх намууд шууд ялна гэхээсээ илүүтэй санал хувааж дөнгөнө. Харин ИЗНН-ын хувьд нэгэнт Ардчилсан намтай Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл эвсэж оролцох гэрээтэй учир дангаараа нэр дэвшигч тодруулахгүй байх.
Эрх барьж байгаа Ардчилсан намын хувьд олон өрсөлдөгч гарч ирэхгүй байх. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АН хурлаасаа дахин гаргаж ирэх болов уу. Бусад бүх нам түүнийг гол өрсөлдөгчөө гэж харж байгаа. Судалгаагаар ч түүний рейтинг өндөр гарсан байна лээ. Тиймээс ч сонгуулийн сөрөг пиар аль хэдийнээ түүний зүг онилж, сумаа нисгэж эхэлсэн нь харагдаж байгаа.
МАН НАМЫН ДАРГА, БӨХ ХОЁРЫН НЭГИЙГ СОЙНО
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр долоон хүний нэр ярьснаас дөрөв нь тунажээ. Анхан шатны байгууллагууддаа явуулсан нууц санал асуулгын дүнд намын жирийн гишүүд нь Б.Бат-Эрдэнэ аваргыг дэвшүүлнэ гэж. Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр бол арван нэгэн аймагт Ө.Энхтүвшин, найман аймагт Б.Бат-Эрдэнэ нэгээр гарч ирсэн гэнэ. Нийслэлд Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ гэсэн дарааллаар намын гишүүд нь саналаа өгчээ. Үүнээс гадна МАН-аас хэд хэдэн өөр судалгаа хийлгэжээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн санал асуулгад оролцсон иргэд Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, М.Энхболд, Д.Лүндээжанцан гэсэн дэс дарааллаар санал өгсөн байна.
Бага хурал дээр гол өрсөлдөөн намын дарга, бөх хоёрын дунд л болно. "Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Авлигатай тэмцэх газарт хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбоотой хүмүүсийг шалгуулахаар өгсөн. Тэдгээр нэрсийн дунд Б.Бат-Эрдэнэ аваргын нэр ороод явчихаагүй л бол Б.Бат-Эрдэнэ Бага хурлаас гарна" гэсэн хүмүүс бас байна. Гэтэл "Нэгэнт нам удирдаж байж Ө.Энхтүвшин эрхбиш гараад ирэх байх" гэж үзэж байгаа нь бий.
МАН-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын зүтгүүлсэн Д.Оюунхоролын хувьд Бага хурал дээр нэг их дэмжлэг авахгүй болов уу гэсэн таамаг өөрийнхөн дотор нь явна билээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь гэдэг яриа л гэхэд өөрт нь улстөрчийн хувьд нэмэх оноо авчирч байгаа. Энэ оноог цуглуулахад өөрийнх нь хүч чармайлт ч нөлөөлсөн болов уу. Ер нь Д.Оюунхоролын нэр ийнхүү яригдсан нь анх удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно гэсэн ойлголт нийгмийн сэтгэхүйд буулгаснаараа онцлог юм. Олонхиороо эцгийн эрх давамгайлсан манай нөхцөл энэ удаа эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч гаргаад ирэхгүй болов уу. Харин улс төрийн хүрээлэлд багтаж байгаа бүсгүйчүүд дараагийн жилүүдэд хэрхэн ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөхөөс эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхэд нөлөө үзүүлнэ. Дэлхийн олон орон өндөр албан тушаалд хүүхнүүдийг сойж, ялалт байгуулж байгаа нь жендерийн асуудал нааштай эргэж байгааг харуулж буй. Нам доторх сонгууль МАН-д ийнхүү өрнөж байгаа ч жинхэнэ сонгуульдаа яаж оролцохыг хэн мэдэх билээ.
МАН, МАХН ХОЁР
МАН сонгуулийн түүхэндээ хамгийн сүүлийн мөчид л нэр дэвшигчээ зарладаг. Гэвч энэ удаа хамгийн түрүүнд нэр дэвшигчээ тодруулах нь тодорхой болоод байгаа. Мөн МАХН-ын байр суурийг МАН сүүлийн мөч хүртэл харж байгаа. МАХН-д одоогийн байдлаар Ч.Улаан, Д.Тэрбишдагва гэсэн хувилбар яригдаж байгаа ч огт хүн дэвшүүлэхгүйгээр МАН-тай эвсэх нь үү гэдэг нь шийдэгдээгүй. МАН МАХН-ыг ямар болзол тавьж, хэнийг дэвшүүлбэл дэмжих вэ гэдэг дээр санаа оноогоо солилцоход бэлэн гэсэн. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатай хүмүүс ч дотоод амбицаа дарж чадалгүй ил далд илэрхийлж байгаа нь бий гэсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг ийм хүмүүсийн тоонд багтаана билээ. Ямар ч байсан Н.Удвал сайд найз нартаа энэ санаагаа ярьж явсан гэсэн.
МАХН-ын хувьд Н.Энхбаяр хоёрдугаар эмнэлгээс удирдаж, намын нөхөд нь үүрэг даалгаврын дагуу ажиллаж байгаа. МАХН-ын дотоод зөрчил нь дээд цэгтээ тулж эхнээсээ нэгийгээ МАН-ын тагнуулч гэж үзэн намаасаа хаслаа. Намын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн мягмар гаригт хуралдаж Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Барсболдыг намдаа байлгах шаардлагагүй гэж үзэж. Мэдээж хоригдож байгаа дарга нь үүнд огт оролцохгүй байна гэж үгүй.
Намын ажилд төдийлөн гаршаагүй гудамжны жагсаал цуглаанаар голдуу дагнасан нөхөд ойлголцоход бэрх гэнэ. Дүүргийн намын хороод нь хоёр хуваагдаж нэг хэсэг нь МАН-тай сүжрэлдэж хамтарч ажиллах юм яриад, нөгөө хэсэг нь Ардчилсан намын нөхөдтэй саймширч нийлээд яваад байдаг гэнэ.
Хэд хэдэн дүүрэг ийм байдалтай байгаа аж. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга Ч.Мөнгөнчимэг орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхныг дэмжсэн гэж хардагдсан байна. Үүнээс болоод МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүс нь гомдол гаргажээ. Гэтэл тус намын хорооны хэсэг гишүүн МАН-ынхантай хамтаръя гээд гүйлдэж. Ингээд У.Барсболдыг энэ бүхнийг санхүүжүүлж байсан гэж хардацгаажээ. Мөн Хөшөөтийн асуудлаар баруун бүсийнхэн хэлэлцэхэд У.Барсболдыг нэлээд шүүмжилсэн юм байх. Хоригдож байгаа Н.Энхбаяр ч "Хөшөөтийн уурхайн асуудал чинь намын нэр хүндэд нөлөөлөх нь" гэж ирээд л хэлсэн юм байх. Энэ мэтээр аль нэг намд үйлчилж, намын дотоод асуудлыг гадагшаа мэдээлсэн гэж ял үүрсэн У.Барсболдод Хөшөөтийн асуудал нь шалтаг нэмж, МАХН-ын Гүйцэтгэх товчоо намаасаа хассан байна. Ийнхүү Ардын намын тагнуулч гэж ад үзэгдсэн У.Барсболдыг Ардчилсан намын тагнуул гэж МАН-ынхан нь харин эсрэгээр нь хэлсэн байгаа юм. МАХН-ын хувьд намд ажиллахаасаа илүүтэй жагсаал цуглаан, жигүүр ургуулж явсан нөхөд энэ намд олон учир байсхийгээд л бодлого дагахаасаа илүү сэтгэлийн хөөрлөөр хандах гээд байдаг аж. Ямар ч байсан дотроо толхилцоонтой МАХН бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэхээ шийдэх юм байна. МАН-ынхан харин МАХН өөрсөдтэй нь тохироо хийж эвсэх тухай ярихгүй бол "Могой гурав тасравч гүрвэлээс урт" гэгчээр яаж ч байсан МАХН-аас илүү санал авна гэсээр суугаа юм билээ.
МҮАН-ААС М.ЭНХСАЙХАН ӨРСӨЛДӨХ ҮҮ
МҮАН Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо тоймтой шийдээгүй байна. Хэд хоногоос бас л хуралдаж энэ тухайгаа ярихаар төлөвлөөд байгаа гэнэ. Төмөр замаас болж хэл ам таталж албан тушаалаа өгсөн М.Энхсайханыг энэ намаас өрсөлдөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа. Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан туршлагатай учир түүнийг намаасаа гараад ирлээ гэхэд гайхах хүн байхгүй.
Зочин · 2013/05/14
avtomat mashinaar sanal avah uchraas ardachlaliin neriig barigch luivarchidiig bid diilehgui.Hen ch elbegdjtoi soldood hereggui biz