Монгол улсын Үндсэн хуулийн  I бүлгийн 5.5-д: “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг.   Бидний өвөг дээдэс хэдэн мянган жил нүүдлийн мал аж ахуйг эрхэмлэж, амьжиргааныхаа эх үүсвэр  болгож ирсэн нь ийнхүү  өнөөгийн Үндсэн хуулинд мал сүргийг төрийн хамгаалалтанд оруулах тухай заалтыг оруулах үндэслэл болсон биз. Мэдээж мал сүрэг эрх дураараа бэлчдэггүй, тэд бүгд  эзэнтэй.  Тэр утгаараа мал сүргийг төрийн хамгаалалтанд авна гэдэг бол тэдний эзэд болох малчдыг төр засгаас анхаарч үзнэ гэсэн үг.

Үе үеийн төр засаг энэ үүргээ маш сайн гүйцэтгэж ирсэн. Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө  УИХ-ын 76 гишүүн малчдын ямаа  бүрт зориулж малчидад мөнгө өгснийх нь төлөө “76  ухна” нэр хоч зүүхдээ тулж байхав дээ.  Монгол улсад  малчид шиг төр засгийн “хайр ивээл”-ийг хүртдэг хүмүүс ховор гэхэд хилсдэхгүй мэт.  Заримддаа бодох л юм, хэрвээ төр засгийг  бидний эцэг гэж үзвэл  өнгөтэй өөдтэйгөө өгдөг “төрсөн  хүүхэд нь малчид”, нүд үзүүрлэж ханддаг “бутач хүүхдүүд нь хотынхон” юм  шиг хандах юм.

Мэдээжийн хэрэг мал маллах нь амар хялбар ажил биш, хүнд хэцүү, малчид хавар өвөл л бэлэн мөнгөтэй залгадаг  гэдгийг бид сайн ойлгож байгаа. Гэхдээ  малчид хуучин социалист төр шиг нийгмийн өмчийг өсгөж үржүүлж байгаа  биш, тэд өөрсдийнхөө  төлөө л мал маллаж байгаа. Ингэлээ гээд тэднийг төр засгаас олон талаар дэмжих нь юуны учир вэ?  Малчны хүүхдийг төрөөс үнэгүй сургана л гэнэ, малчдад ноос, сүүний мөнгө өгнө л гэнэ, малын хөлийн татварыг нь хөнгөлж, чөлөөлнө л гэнэ, нийгмийн даатгалыг төрөөс төлнө л гэнэ.  Энэ бүхэнд татвар төлөгчдийн мөнгийг зориулах шаардлага байна уу.

Гэтэл хотын бидэнд ямар “хөнгөлөлөлт” байна вэ, ядаж  олон мянган хүмүүсийг ажил төрөл, орлоготой, ажилтай болгож байдаг  аж ахуйн нэгжүүдийн  НӨАТ-ыг нэг удаа хөнгөлж өгч болдоггүй юм болов уу?

21ed134bcdd49d6fbigЦагаан сар дөхөхлөөр сайд дарга нар малчдын хотонд очиж, малийтлаа инээн “Улсын  сайн малчин”, “Мянгат” малчидад цол өргөмжлөл гардуулдаг. Энэ нь малчдыг, малынхаа чанарыг үл тоон  тоо толгойн хойноос хөөцөлдүүлэхэд хүргэж, улмаар улс орны хэмжээд бэлчээрийн хомсдолд  оруулахаас өөр ямар “үр дүнтэй” ажил юм вэ? Уг нь малынхаа ашиг шимийг нэмэгдүүлсэн, үр жил угсааг нь сайжируулсан, мал сүргийнхээ хишгээр олон нийтэд тус буян болсон, малч удмын арга ухааныг бусдад зааж сургасан гэх зэрэг үзүүлэлтээр нийтийг хавтгайруулан биш,  дээрх болзолыг хангасан цөөн хэдэн хүнд л төрийн цол тэмдгийг өгмөөр санагддаг.

Өнөөдөр ганц сум 40 мянгат малчинтай болсноо зарлаж байна. Үүний цаана сум бүрийн мянгатуудыг тоолвол хир хэмжээнийы тоо гарах бол.  Гэтэл энэ олон мянгатуудын хэд нь залуу өрх гэрийг малжуулж, ядаж зүдэрсэн хэдэн хүнд тусламжийн гараа сунгаж, хэд нь сум орон нутагийнхаа сургууль цэцэрлэгт хандив өргөж, хэд нь сайн үйлсийн төлөө дуугарсан юм бол.

Үүний хажууд хотын аж ахуйн нэгжүүдийн цөөнгүй нь  сайн үйлсийн төлөө  өөрийн “аягатай хоолноосоо” хуваалцаж өгч чаддаг.

Улс орон маань  50 орчим сая малтай хирнээ огт малгүй шахуу Япон улс импортоор Австралиас оруулж ирдэг дэлхийд чанараа гайхуулсан Австрали хонины 1 кг махнаас илүү үнэтэй мах  монгол хонины махаа зооглож байна. Дэлхийн өртөг өндөртэй хотуудын нэг болох Японы Токиод австрали хонины мах 1 кг  5 -7 доллар /долларыг японы ханшаар бодох/-т хэлбэлздэг гэнэ билээ. Харин бид эх нутагтаа 10.000 төгрөгөөр  мах авч идэхдээ хүрч байна. Энд  төрийн зөв  бодлого дутагдаж байгаа байна. Малчдыг элдвээр дэмжин өөгшүүлэх, улмаар мал маханд чиглэсэн төрийн бодлого алдагдснаас болж өнөөдөр махны ханшийг хэдхэн “ченжүүд-ийн гарт атгуулжээ.

Эл бүгдийг ажиглаад байхад малчид зөвхөн  маллаа маллаж, өсгөөд байх нь чухал болж, учир нь бусдыг нь төр засгаас дэмжээд өгч байгаа болохоор. Товчхондоо “малчид малынхөө төлөө амьдар,  харин хотынхон өөрсдийниөө төлөө амьдарья”-даа гэж хэлэх л үлдэх шивдээ. Хуйсагнуур  төрийн харалган бодлого малчдыг хэдий болтол дэмжсээр байх вэ?

Ц.Мөнх

Ugluu-logo