Од эрхэсийн дунд “нарны аймаг” гэж бий, нарны аймагт нь дэлхий хэмээх гараг бий, дэлхий гэх гарагт нь Ази гэж тив бий, Ази тивд нь харин МОНГОЛ гэж улс бий… Тэр улсад 3 сая хүрэхгүй “хөх толбо”-той хүмүүс амьдардаг. Тэдгээр хүмүүсийн нэг ньБИ

Би 80- аад оны сүүлчээр мэндэлсэн. За энэ ч яахав… Намайг л мэндэллээ гэх шиг яг тэр үед эх оронд маань өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхэлсэн юм. Сэвэлзсэн салхиных нь сэржигнээнд ард түмэн, аав, ээж нар маань яахаа мэдэхгүй шороо шиг зөндөө бужигнасан юмдаг.

Би ч яахав бага байсан юугаа анзаархав эцэг, эхчүүд л их зовсондоо. Талхаа картаар оочерлон байж авахаас өгсүүлээд л хүмүүс хэсэгтээ л үймэрч тулгамдацгаасан. Гэвч тэрхүү өөрчлөлт тухайн цаг үеийн залуусын хүсэмжлэл байж бүгд нэгдэж чадсаныг нь яалтай.

Ардчилсан хувьсгал ялж төр засаг ард түмнийх боллоо гээд нэг л их эрх чөлөөгөөр амьсгалсан улс. Ард түмэн маань ч тэдгээр залуусыг эх орондоо сайн сайхан ирээдүйг бидэнд авч ирнээ гэдэгт гүн бат итгэж байсан. Яагаад гэвэл тэд чинь Монгол орноо “Азийн бар” болгоно гээд цөсийг нь хөөргөчихсөн юм чинь аргагүйштээ.

Миний хувьд СОЦ-нийгэм ямар байсан тухай хэлэх, мэдэх зүйл нэгээхэн ч үгүй л дээ. Харин ардчилсан хувьсгалтай бол бие тэнцүү, нас чацуу шахам болохоор багагүй мэднээ. Одоо гэвч бидний амьдрал балчигт шигдсэн адгуус мэт яасан их хяслантай байна вэ?

Угаадас шиншлэх золбин шиг гадны улс орнуудаас санхүүжилт, хөрөнгө оруулалт горьдох жишээний. Дурьдаад цааш хэлбэл тулгамдсан асуудал  тоймгүй их. Энэ байдал гэвч 90-ээд онд өөрчлөлт хүсч жагсаж шаардаад байсан залуус буюу өнөө цагийн төрийн эрх баригч эрхмүүдийн 20 гаруй жил хийж бүтээсэн зүйлсийнх нь үр дүн шүү дээ.

Монгол орон маань “Азийн бар” болохоо байг ээ. Ядахнаа утаагүй хоттой, ундны цэвэр устай аж төрцгөөвөл “зол” юмсан. Муу хувхай түшээд төрөлх нутгийг минь зарж зажилж идчихээд залуус бидэнд “хөгжил” ярьж хуурсаар, дэмийрсээр удлааштээ. Ийн байсаар байвал хоол ч үгүй, хонь ч үгүй, унд ч үгүй, усчгүй болно шүү дээ.

ХӨГЖИЛ гэх командыг өгчихөөд байхад LOADING… гээд ачааллаж дуусдаггүй ийм уйтгартай нийгэмд амьдарсаар л байх уу? Өөрчилмөөр юм аа...

П.Энхбаатар