Өнөөдрийн байдлаар 390.0 мянган тн хадлан бэлтгэжээ
2014/09/02
2014 оны эхэнд 45.1 сая мал тоологдож энэ онд 16.7 сая төл хүлээн авснаар одоогийн байдлаар 61.0 сая мал намаржиж байна. Үүнээс дотоодын хэрэглээгээ хасаад 50.0 орчим сая мал өвөлжиж, хаваржих тооцоонд тулгуурлан “Мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 241 дүгээр тогтоол, ҮХАА-н сайдын 01 албан даалгаврыг боловсруулан батлуулж орон нутагт хүргүүлж, биелэлтийг ханган ажиллахыг зөвлөж байна.
Энэ жил 1.3 сая тн байгалийн хадлан, 60.0 мянган тн тэжээл бэлтгэхээр төлөвлөж байна.
Хадлан бэлтгэлд одоогийн байдлаар 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100 хөдөлгөөнт гар хадуур, 453 хаман боогчтой хадлангийн салаа, малчид, иргэд нийт 280-аад мянган хүн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 390.0 мянган тн хадлан, 15.0 мянган тн гар тэжээл бэлтгэсэн мэдээ ирсэн нь төлөвлөгөөт хадлангийн 30.0 хувь, тэжээлийн 25.0 хувийг бэлтгэж, татан авсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалт одоогийн байдлаар нутгийн 5 хүрэхгүй хувьд гантай, 40 орчим хувьд гандуу, бусад нутаг буюу нийт нутгийн 55 гаруй хувьд сайн үнэлгээтэй байна.
Маргаашнаас эхлэн хур тунадастай, нийт нутгаар сэрүүсч, зарим газраар шөнөдөө 0-5 градус цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд малчид, иргэдийг цаг агаарын таатай үед хадлан, тэжээлээ цаг алдалгүй бэлтгэж авахыг анхааруулж байна.
Мөн малчдын өвөлжилтийн бэлтгэл хангуулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, отор нүүдлийн зохицуулалтууд, өвөлжих малын тоог аль болох цөөлөх, төв суурин газраас үйлдвэрийн тэжээлээр хангах нэгдсэн зохион байгуулалтуудыг эртнээс хийхийг орон нутгийн удирдлагууд, мэргэжилтнүүдэд зөвлөж байна.