Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн  54 оюутан  хоёр багшдаа дүнгээ засуулахаар хахууль өгсөн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.  Тэгвэл энэ хэрэгт буруутгагдаад байсан  багш, оюутны хэргийг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харъяа  461-р ангид болсон байна. Шүүгдэгч, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн сургалтын албаны менежер  Б.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, бусад оюутнуудаа хахууль өгөхөд зуучилсан гэгдээд байсан  Б.Бадамдоржийг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр төлөвлөөд байсан юм.

Оюутнуудаасаа ламаар дамжуулан мөнгө авч дүнг нь засаж өгдөг байсан   Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш  Б.Жавхлантөгсөд  5.6 жилийн хорих ял оноож, ялыг хоёр жилийн дараа эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.  Учир нь Б.Жавхлантөгс нь бага насны хүүхэдтэйгээ хоёулаа  амьдардаг болохоор ялыг  хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.  

Харин багшдаа удаа дараа мөнгө өгсөн гэгдээд байсан Б.Бадамдоржийн зүйл ангийг  өөрчлөх зүйтэй гэж түүний өмгөөлөгч Г.Батбаяр үзсэн юм. Г.Батбаяр өмгөөлөгч  Эрүүгийн хуулийг тайлбарласнаар Б.Бадамдоржид эрүүгийн хэрэг  үүсээд байсан  Эрүүгийн хуулийн 269.2-р  зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилсөн юм. Зүйл анги нь өөрчлөгдсөн болохоор  Б.Бадамдоржид төлөвлөсөн 5.6 жилийн хорих ял нэг жилийн хорих ял болж өөрчлөгдсөн юм. Улмаар шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байна. 

Харин энэ хэрэгт буруутгагдаад байсан бусад оюутнууд  бүгд нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байна.

Энэхүү шүүх хурлын үеэр хамгийн их анхаарал татсан зүйл нь н.Нармандах гэх лам байсан юм.  Тэрбээр  Б.Жавхлантөгсийн амьдралыг сайжруулна хэмээн ном уншиж өгөх нэрийдлээр оюутнуудын хахуулийн мөнгийг зуучилдаг байжээ.  Энэ нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон бөгөөд хахуулийн хэрэгт зуучилж, бурханы номоос гажууд үйлдэл хийсэн н.Нармандах ламд  жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.  

А.Баярмаа