Хятадын Харбинд шувууны томуугаар 18 000 галуу үхжээ
2014/09/03
Хятадад H5N6 шувууны томуугаар 18 мянган шувуу үхжээ. Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас өчигдөр ирүүлсэн мэдээгээр тус улсын Хэйлунжян мужийн Харбин хотод байдаг шувууны аж ахуйн байрны 18 мянган галуу H5N6 шувууны томуугийн вирусын улмаас үхжээ. Мөн тухайн байгууламжийн 20 гаруй мянган галуу уг вирусаар өвчилсөн байна. Одоогийн байдлаар тус байгууламжийг битүүмжилж, ариутгал хийгээд байгаа бөгөөд 69 мянган шувууг устгалд оруулсан байна. H5N6 томуугийн вирус нь хүнд халдах магадлал өндөртэй билээ. Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сард Хятадын Сычуань мужийн Нанбу хотын иргэн 49 настай залуу шувууны томуугийн H5N6 вирусийн халдвар авч, нас барсан юм.