Хуульчдын холбоо иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2014/09/03
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Монголын хуульчдын холбооны нэг жилийн ой есдүгээр сарын 7-нд тохиож байна. Тус холбооноос ойгоо угтан энэ сарын 5-нд “Blue sky” цамхагт “Хуульчдын холбооны хөгжлийн чиг хандлага” онол, практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна. Хуралд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АНУ-ын Калифорни мужийн Барын холбооны гишүүн Ховард Миллер болон Монголд суугаа Элчин сайдууд, хуульчдын төлөөлөл оролцоно. Мөн Хуульчдын холбоог сурталчлах, иргэдэд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон даяар энэ сарын 6-нд буюу ирэх бямба гаригт зохион байгуулна. Тус өдөрлөг нь 21 аймгийн төв талбайд явагдах бөгөөд нийслэлд Чингисийн талбайд зохион байгуулагдах юм. Тус өдөрлөгт Хуульчдын холбооны бүтцийн байгууллагын гишүүд, мэргэжилтнүүдээс гадна Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн өмгөөлөгч нар оролцож, иргэдэд хуулийн талаарх хүссэн мэдээлэл болон үнэгүй зөвлөгөө өгнө. Түүнчлэн энэ сарын 5-нд өмгөөлөгч нар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн Иргэний танхимд байрлан иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.