Улс орныхоо хувь заяаг авч явах чадвартай лидер хүн монголд байна уу. Хайгаад хайгаад олигтой хүн олж харахгүй болтлоо өнөөдөр лидерүүдийн доройтолд оржээ.

Аргаа ядахдаа ах намынхан далай даяан дархан аваргаа ерөнхийлөгчид дэвшүүлж байх вэ дээ. Энэ бол МАН-д Б.Бат-Эрдэнэ аваргаас мундаг хүн байхгүй байна л гэсэн үг шүү. Ёстой байгаа ганцыгаа л дэвшүүлэх шиг боллоо. Мэдлэг боловсрол, улс төрийн туршлага гэсэн ерөнхийлөгч хүнд байх чанар, чадварууд өнөөдөр мартагдаж дээ.

 
Ерөөсөө монголын төрийн тэргүүн байсан хүмүүс монголын хамгийн шилдэг хөвгүүд байсан уу гэдэг эргэлзээтэй. П.Очирбат гэсэн зальжин нөхөр, Н.Багабанди гэх манж зантай, дотуур тамиртай нөхөр, Н.Энхбаяр гэх шуналын тулам болсон нөхөр, Ц.Элбэгдорж гэх сэргэлэн, хорчин нөхөр. Энэ хүмүүс улс орныхоо төлөө юу хийсэн бэ? Ямар ч байсан бүгд тэрбумтнууд болцгоосон. Ард түмэн ядуурсан. Сүүлийнх нь ёстой супер ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрэн дүүрэн ашиглаж чадсан хүн гэж дүгнэж болно. Гэхдээ ард түмнийхээ төлөө биш харин өөрийн эрх ашиг, намынхаа ашиг тусын төлөө ашигласан.
 
Ерөнхийлөгч Шүүх, Цагдаа, АТГ, Тагнуул, Прокурор гэх мэт хүчний бүхий л байгууллагуудыг өөрийн гараар хөдөлгөж ирсэн. Цаашлаад монголын нийгмийн бүхий л салбаруудад түүний гар хүрсэн. Ерөөсөө монголын ерөнхийлөгч байна гэдэг маш их эрх мэдэл байдаг юм байна гэдгийг батлан харууллаа.
 
Одоо ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд ирж нэр дэвшигчид тодорч байна. МАН-аас далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшлээ. Харин АН-аас хэн бэ гэдэг албан ёсоор зарлаагүй ч одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшинэ хэмээн ярьж байна.
 
Лидер гэдэг олонд танигдсанаас илүү өргөн ойлголт. Лидер хүн ард түмнээрээ хүрээлүүлсэн байх бөгөөд ард түмэн удирдагчаа дагаад хаашаа ч явахад бэлэн байгаагаас харагддаг.
 
Гэвч өнөөдөр ард түмнээрээ хүрээлүүлсэн хүчирхэг лидер байхгүй байгаа явдал бол монголын эмгэнэл болоод байна.