Улсынхаа нийслэл Улаанбаатарынхаа гудамжаар явахад нэгэн эмгэнэлтэй дүр зураг эрхгүй харагдана.  Монголдоо яваад байна уу? гадаадад яваад байна уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Улаанбаатарт англи, хятад, араб, Франц хаягтай газрууд байх бөгөөд тэднийг энэ алдаагаа зас гэдгийг төрийн болон төрийн бус байгууллага удаа дараа шаардсан гэж байгаа.

Уг нь хууль, журмаараа албан байгууллагын хаяг нь Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболдын 2003 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 102 тоот захирамж гарч, албан байгууллагын хаягийн стандартыг тогтоож, түүндээ “... монгол хэл дээр кирилл үсгээр бичнэ. Хэрэв хаяг нь монгол, гадаад хэл дээр зэрэг бичигдэх бол гадаад бичгийн хэмжээ монголынхоос хоёр дахин бага байна” гэж тодорхой зааж өгсөн байдаг.  Мөн 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр шинэчлэгдсэн Худалдаа үйлчилгээний журмаар худалдаа үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг мон­гол хэл дээр, крилл үсгээр би­чиж, ил тод харагдахуйц га­зар байршуулсан байна хэмээн зааж өгсөн байна.  Үүнийг нь дүүргүүдийн ЗДТГ дэргэдэх Худалдаа үйлчилгээний зөвлөл хариуцан ажиллах ёстой гэж байгаа.

Тэдгээр нөхөд ажлаа муу хийж байгаагаас өнөөдөр гадаадууд эх оронд минь дураараа дургиж байгаа нэг жишээг та харж байна.

 

Тухайлбал энэ газар ийм хаягтай өчнөөн удаж байгаа. Харааж байгаа, ерөөж байгаа нь мэдэгдэхгүй энэ газрын хаягыг Баянзүрх дүүргийнхэн солиулчихаж чадахгүй л байгаа юм.  Мөнгө төгрөг авсан юм уу, ажлаа мэдэхгүй байгаа болоод ингээд гадаад хаягыг удаагаад байгаа нь ойлгомжгүй. Яг ийм жишээ нэг биш нилээн хэдэн газарт байгааг энд онцлох нь зүйтэй болов уу. 

Миний, таны, бидний эх оронд ажиллаж, амьдарч байгаа л бол  Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмыг баримтлах ёстой байдаг.  Төрийн болон төрийн бус байгууллагуудад ажил нэмж байгаа энэ гадаадуудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаг болсон юм биш үү?

Нөгөө талаас дүүргүүдийн ЗДТГ дэргэдэх Худалдаа үйлчилгээний зөвлөл цалингаа авч байгаа бол ажлаа олигтой хийх хэрэгтэйг сануулж байна.  

Бид эх орондоо ийм энгийн зүйл дээр сэтгэлгүй, зүтгэлгүй хандаж байхад  харийнхан манай хууль, журмыг баримтлах нь юу л бол...  Эх орондоо эзэн нь байж, хууль, журмын хэрэгжилтэд анхаарч ажилламаар байна.













 

А.Баярмаа