Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө
2014/09/09
"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон билээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан аж.
Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1920-1960 оныг хамрах хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүмүүсийг цагаатгах ажлыг Засгийн газраас гурван үе шаттайгаар өнөөдрийг хүртэл зохион явуулсаар байгаа юм.
Монгол Улсын төр, засгийн тэргүүн нар, төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн төв хөшөө болон Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгсдийн хөшөөнд тус тус цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.