Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 10 хоног хуурай өлсгөлөн зарласан билээ. Экс Ерөнхийлөгчийн энэ “амжилтыг”  Н.Вандансанги гэх иргэн  эвдэж  хорих 461-р ангид 21 хоног хуурай өлсгөлөн зарласан юм.  Түүнийг ийнхүү хуурай өлсгөлөн зарлаад байхад хариуцах ёстой төрийн албан тушаалтан уулзаагүй бөгөөд энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн бага хурал хийсний маргааш нь батлан даалтаар гаргасан байдаг.   Н.Вандансанги өөрийг нь хулгайн  хэрэгт сэжиглэж байгааг эсэргүүцэн ийнхүү өлсгөлөн зарласан бөгөөд Монгол улсын түүхэнд ийм олон хоног өлсгөлөн зарласан хүн байдаггүй ажээ.  

Тэгвэл  н.Балдандугар, Н.Вандансанги нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх дээр болсон юм.  Харин н.Балдандугарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирсэнгүй.  Тиймээс шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулан уг хэрэгт сэжиглээд байгаа н.Балдандугар нарын зургаан хүнийг хорих ангид саатуулжээ.  

Үүнд Н.Вандансангийн өмгөөлөгч  Г.Батбаяр ихэд санаа зовж байгаагаа мэдэгдлээ. Учир нь түүний үйлчлүүлэгч  21 хоног хуурай өлсгөлөн зарласны улмаас уургийн дутагдалд орохын зэрэгцээ, зүрхний хэм алдагдах болсон байна. Мөн 20 орчим кг турсан Н.Вандансангийн хувьд биеийн байдал сайнгүй байхад  хорьсон нь түүний биеийн байдал хүндрэх үндэслэл болж байгааг Г.Батбаяр өмгөөлөгч онцолсон юм.

н.Балдандугар нарын зургаан хүнд эрүүгийн хуулийн 145.4-р эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд  сэжигтнүүдэд  15 жилийн хорих ял төлөвлөөд байгаа ажээ.

А.Баярмаа