М.Энхсайхан үнэхээр нэр дэвших гээд байна уу, Ц.Элбэгдоржийг айлгаад байна уу
2013/05/06
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж улстөрийн хүчнүүд нам эвслээсээ хэнийг сойхоо түрүүчээсээ шийдэж эхэллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурал болж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болсон.
Харин өчигдөр МҮАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж, намын дарга М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэв. Гэхдээ ирэх баасан гаригт болох МҮАН-ын Бүгд хурлаар энэ асуудлаа оруулж хэлэлцүүлэх аж.
Айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тухай таамаг хэдэн сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Гэлээ ч МҮАН-ын дарга М.Энхсайханы нэр төдийлөн цухалзахгүй байсан ч намынхаа Удирдах зөвлөлөөр нэрээ оруулаад гаргасан нь олны сонирхлыг асаав.
Уг нь өнгөрөгч аравдугаар сард түүнийг МТЗ-ын даргаар томилоход Ц.Элбэгдорж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замаасаа зайлуулж, түүнд албан тушаал өглөө хэмээж байв. Өөрөөр хэлбэл, ийм нэг зарчмын бус тохироо хийлээ хэмээсэн.
Гэтэл Зам тээврийн сайд А.Гансүх, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар нийлээд түүнийг МТЗ-ын даргын суудлаас унагаж, тухайн үедээ шуугиан тарьж байв. Энэ үеэс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн таамагт түүний нэр орж, гарсаар өдгөө хүрсэн.
Улмаар Тавантолгойн уурхайг түшиглэн баригдах станцын төслийн багийг М.Энхсайхан ахалж ажиллахаар болов. Энэ нь түүний нэрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас бүрмөсөн арчих зорилготой тохироо байсан гэхэд болно.
Үүнтэй зэрэгцээд өнөөх л Ц.Элбэгдорж М.Энхсайханыг замаасаа зайлуулж, 50 сая ам.доллартай мөнгөний авдарны түлхүүрийг атгууллаа гэж шуугив. Үнэхээр ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд өчигдрийг хүртэл нэрийг нь оруулж таамаглаагүй юм.
Гэтэл гэнэт намынхаа Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон нь аргагүй сонирхол татсан хэрэг. Тухайн үед түүнд эвслийнх нь сайд М.Сономпил энэхүү төслийг өгчихлөө гэж хэн ч хэлээгүй.
Харин Ц.Элбэгдоржийн нөлөөлөл орчихлоо хэмээн хаа сайгүй ярьж байсан нь оргүй зүйл биш болов уу. Хэдийгээр "Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт учраас энэ томилгоог улстөржүүлэх шаардлагагүй" гэсэн хариуг шийдвэр гаргагчдын зүгээс өгч байсан ч аливаа юм бүхэн цаагуураа учиртай өрнөдөг болохоор итгэх хүн гараагүй.
Үнэндээ бол Ц.Элбэгдоржийн хувьд М.Энхсайханаас айх, түүнийг аргадах том шалтгаан бий. Тэд нэгэн цагт хамтран зүтгэж байсан угшил нэгтэй нөхдүүд. Тиймээс сонгогч иргэдийн дийлэнх нь Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг нэг намын хүмүүс мэтээр ойлгож болох юм.
Тийм ч учраас М.Энхсайхан нэр дэвшвэл Ц.Элбэгдорж санал хуваана хэмээн айж байна. Яг энэ шалтгаанаар М.Энхсайханд юуг ч болов найр тавихаас өөр аргагүй юм. Харин М.Энхсайхан 50 сая ам.долларын төслийг голов уу, эсвэл үнэхээр тэр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр болов уу гэдэг яах аргагүй сонирхол татна.
Гэхдээ түүнийг нэрээ дэвшүүлэх эсэхийг намын Бүгд хурлаар шийдэх учраас энэ бол эцсийн шийдвэр биш. Тиймээс эх сурвалжуудын мэдээллийг хүргэе. Тэдний хэлснээр М.Энхсайхан намынхаа Удирдах зөвлөлөөс нэр дэвшихээр болсон нь худлаа шоу гэнэ.
Тэр Ц.Элбэгдоржид шантааж үзүүлж улстөрийн ямар нэгэн тохироо хийх гэсэн хэрэг хэмээв. Гэтэл нөгөө талаас 50 сая ам. долларын төсөл нь багадаад, өөр албан тушаал авах сонирхолтой гэх. Харин хөндлөнгийн мэдээллээс үг шүүрдвэл М.Энхсайхан аль ч талаараа Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой хүн.
Тиймээс тэр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Ц.Элбэгдоржийн саналыг хувааснаар хоёулаа унана гэсэн мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр М.Энхсайхан үүгээрээ Ц.Элбэгдоржид улстөрийн ямар нэгэн тохироо хийх санал хүргүүлж байгаа бол хурдан л шийдэгдэх байх.
Юутай ч ирэх баасан гаригт болох МҮАН-ын Бүгд хуралдаанаар санал дутах, эсвэл нэрээ татах асуудал үүснэ. Үнэхээр М.Энхсайхан Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нь үнэн бол сонгууль ихэд сонирхолтой болох нь дамжиггүй.
С.Ууганбаяр
Зочин · 2013/05/07
Б.Бат-Эрдэнэ бол ********** Элбэгээд