Өчигдөр олон улсын анхаарлыг татсан маш чухал үйл явдал Тажикстаны нийслэл Душанбед боллоо. Тэр бол Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт юм. Тус уулзалт түүхэнд анх удаа гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон юм. Уулзалтаар тэд юу ярьсаныг дэлгэрэнгүйгээр хүргэе. 


Ц.Элбэгдорж: Монгол Улсын санаачлагаар зохион байгуулж буй энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүний уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Энэ завшааныг ашиглан Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа саяхан  Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин Танд, ажлын айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.  

Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ 8, 9 дүгээр сард хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсныг энд дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Өнөөдөр бид харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын тухай ярилцахаар энд цуглаад байна.
Гурван улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийж байх тухай Монгол Улсын санал дараахь хүчин зүйлтэй холбоотой юм.

Нэг. Монгол Улс нь, ОХУ, БНХАУ- тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бодлогыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл гэж үздэг. Урт хилээр холбогдсон хөрш орнуудын хувьд манай гурван улсын хооронд гурван талаараа зөвшилцөж шийдвэрлэх, гол нь дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой асуудлууд байдаг.

Хоёр. Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цорын ганц улс юм. Мөн зөвхөн хоёр хөрш орныхоо нутгаар дамжин далайд гарах боломжтой орон юм.

Гурав. Монгол Улс нь өөрийгөө, ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм.

Эдгээр хүчин зүйлийг үндэслэн тус гурван улсын дээд хэмжээний уулзалтын зарчмыг Монгол Улс дараахь байдлаар томъёолж байгаа юм.

1.    Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, 3 жил тутамд хийж байх.
2.    Энэ уулзалт нь олон нийтэд нээлттэй, гурван улсын хамтын ажиллагааны нийтлэг зарчимд нийцэж байх.
3.    Уг уулзалтаар талуудын сонирхсон асуудал тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх.

Энэхүү саналаа би БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путин нарыг саяхан манай улсад айлчлах үеэр мөн дэвшүүлж ярилцсан. Өнөөдөр энэхүү санаачлагын талааар ярилцах боломж гарч манай хоёр хөршийн төрийн тэргүүн болон албаны хүмүүс энэ хүндэт танхимд хүрэлцэн ирсэнд дахин гүн талархлаа илэрхийлье.
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын хувьд дараах гурван асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрэхийг гол зорилгоо болгож байна.

Нэгдүгээрт: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын талаарх дээр миний хэлсэн үндсэн зарчмын тухай харилцан санал солилцож нэгдсэн шийдэлд хүрэх,

Хоёрдугаарт: Си Зиньпин дарга, В.В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн явцыг идэвхжүүлж, гурван талын ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх. Мөн ийм ажлын хэсгийн уулзалтыг “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих  асуудлыг судлах зорилгоор Улаанбаатарт хийж болох юм.

Гуравдугаарт:  Энэ оны 11 дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг Эрхэмсэг дарга Си Зиньпин, Эрхэмсэг Ерөнхийлөгч В.В.Путин нараас хүсэж байна. Дээд хэмжээний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг бид мөн дэвшүүлж байна. 

Ингээд манай гурван улсын бодит хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний анхны албан уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

IMG_5880В.В.Путин: Шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах тухай бодолцож болно

 “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын  уулзалт зохион байгуулсанд маш их баярлалаа. Бидний уулзалт амжилттай болж байна. Монгол Улсад миний хийсэн айлчлал Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойтой холбоотой байсан. ЗХУ, Монгол Улс, БНХАУ нь Германы фашизм болон Японы милитаризмын цохилтыг өөрсдөдөө хүлээсэн үйл явдал 75 жилийн өмнөх ч гэсэн бид сайн санадаг. Дэлхийн II дайны үед Монгол Улс бидэнд маш их тусалсныг бид хэзээ ч мартахгүй. Ирэх жил бид Эх орны их дайнд ялсны 75 жилийн ойг тэмдэглэнэ.  Энэ ойд ажил нэгтэй хоёр нөхрөө урьсан байгаа. Урилгыг хүлээн авсанд баяртай байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ нь газар зүйн хувьд хил залгаа оршдог. Дэд бүтэц,эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааг хөгжүүлж, энэ талаар байнгын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олдож байна.

Мөн гурван талын уулзалт хийх бололцоог олгож өгсөн Тажикистаны талд талархаж байгаагаа илэрхийлье.

Эхлээд олон улсын байдлын талаар хэдэн үг хэлье. Бид бүгдээрээ Төв болон Зүүн хойд Азид тогтвортой байдал бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа билээ. Бид гурван талын уулзалтын хэлбэрийг бодолцох нь зүйтэй байх. Мөн ноён дарга Си Зиньпин зарим хэлбэрийг хэллээ.Түүний дотор ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж болох юм. Энэ уулзалт гишүүн орнуудын нийслэл хотуудад тогтмол болдог.  Дараагийн уулзалт ОХУ-ын Уфа хотноо ирэх оны долдугаар сард болох үеэр гурван талт уулзалтыг хийж болох юм.

Гадаад хэргийн дэд сайд нарын хэмжээнд уулзалт хийж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал боломжийн гэж бодож байна. Ийм санаачлагыг хэрэгжүүлэх нь бас гурван талт уулзалтын хэмжээг өсгөж байгаа. Эдгээр асуудлыг Гадаад хэргийн яамдын хүрээнд боловсруулах хэрэгтэй байх. Мөн бидний хэтийн төлөвтэй хамтын ажиллагааны тухайд гэвэл УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно. Бид бас Торгон замын төслийн тухай сайн мэдэж байгаа. Түүнийг Оросын бусад төсөлтэй уялдуулж бодож болох юм. Мөн Талын зам гэсэн төсөл байна.

Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно.Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуй болон байгаль орчны зэрэг чиглэлд хамтран ажиллах төслийг боловсруулж болох юм. Манай зохих яам, албад эдгээр асуудлыг нарийвчлан боловсруулахыг санал болгож байна. Эдийн засгийн үр ашгийг бодолцож шийдвэр гаргаж болох юм.
Бидний гурван талын уулзалт ШХАБ-ын уулзалтын үеэр болж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй юм. Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн гэж бодож байна. Баярлалаа.
 
IMG_5880Си Зиньпин: Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах боломжтой

 “Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулж, бие биеийн сонирхсон хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон нь маш их чухал ач холбогдолтой юм. Уулзалтаас нааштай үр дүн гарна гэдэгт найдаж байна. Баярлалаа.

Би гурван улсын уулзалтын талаар Хятадын талын саналыг хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагын дагуу гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаас Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхэд өндөр, чухал ач холбогдолтой гэдгийг илэрхийлж байна.

Миний Монголд хийсэн айлчлалын үеэр ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Хятад, Монгол, Орос гурван улсын стратегийн харилцааг хөгжүүлэх нь ач холбогдолтой гэж тохиролцсон. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт бол улс төрийн хувьд гурван талын харилцан итгэлийг улам нягт болгоно. Эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталсан хамтын ажиллагаа явуулж, харилцан нөхөж, хамтдаа хөгжих болно. Үүнээс гадна Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд ашигтай юм. Сайн эхлэл нь амжилтын хагас гэж хэлж болно.

Энэ удаагийн уулзалтаар цаашид гурван талын харилцааг хөгжүүлэх сайн суурь үндэс тавигдлаа гэж найдаж байна. Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодит хэд хэдэн санал дэвшүүлсэн. Жишээлбэл, гурван талын тогтмол уулзалт хийх санал дэвшүүллээ. Хятадын талд ч өөрийн санал байдаг. Энэхүү саналыг гурван тал ярилцаж болно. Орос, Монгол, Хятад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг гурван улсад тогтмол ээлжлэн хийх, эсвэл шаардлагын дагуу олон улсын арга хэмжээний үеэр зохион байгуулж болно. Жишээ нь, ШХАБ-ын арга хэмжээний үеэр байж болно.

Би бас өөр нэг санал хэлье. Гурвуулаа өөр өөрийн холбогдох байгууллагад журам гаргаж, гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар  ярилцах сэдэв, үр дүнгийн талаар нухацтай судалж, гурван талын Гадаад харилцааны дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван улсын хамтын ажиллагааг цогцоор явуулах санал гаргаж байна.

Монголын тал АПЕК-т элсэх саналтай байна. Энэхүү саналыг бид нар дэмжиж байна. Мөн холбогдох бусад талуудтай хамт хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна. Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагааны бодит үйл ажиллагааны эхний шат бүрдэж байна.

Өнгөрсөн жил Хятадын тал Торгоны замын эдийн засгийн бүс гэсэн санаачилга гаргасан. Үүнд Орос, Монгол хоёр тал нааштай хандсан. Би ноён Ерөнхийлөгч В.В.Путинтай тохиролцсон. Хятадын торгон замын эдийн засгийн бүс болон Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулахаар тохироцсон. Би ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохиролцлоо. Торгон замын эдийн засгийн бүс болон Монголын талаас санаачилсан Талын зам саналтай уялдуулах болно.

Гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцэж байна. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулж, 1+1+1 гурваас гарна гэсэн зорилтыг биелүүлэх боломжтой байна. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал. Мөн энэ бол бидний өмнө тулгамдсан асуудал байдаг.

Гурван улсын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэх, мөн гурван улсыг холбох төмөр замын шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно. Гурван тал мөн гурван талын хил дамнах авто замын бүтээн байгуулалтыг урагшлуулж болно. Мөн тээврийн хялбарчлалыг урагшлуулж болно. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Монголоор дамжуулах ачааны хэмжээг нэмэгдүүлэх, транзитын тарифыг багасгах санал дэвшүүлснийг Хятадын тал ойлгож байна. Бид нар Монгол, Оросын талтай хамтарч, гурван талын транзит тээврийн яриа, хэлэлцээг урагшлуулах, гурван талын транзит тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад, Орос нэгэнт 750 МгВ 500 киловольт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулсан. Мөн хил дамнасан цахилгаан сүлжээ, цахим сүлжээний бүтээн байгуулалтын талаар судалж байна. Цаашдаа гурван талын цахилгаан станц байгуулах асуудлыг ярилцаж болно. Мөн Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох талаар ярилцахад бэлэн байна.

Хятадын тал Монгол, Оросын талтай хамтран аялал жуулчлал, мэдээлэл, гамшигтай тэмцэх салбарын хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна. Гурван тал ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа явуулахыг нааштай судалж байна. Өөр өөрийн хөгжлийг ШХАБ-ын хөгжилтэй уялдуулж хамтдаа хөгжиж болно.

Монголын тал өнгөрсөн онд Бишкект болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр, мөн Узбекстанд болсон Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хэд хэдэн санал дэвшүүлснийг бид нар чухалчлан үздэг. ШХАБ болон Монгол Улстай хамт худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, техникийн салбарын хамтын ажиллагаа явуулахыг бид дэмжиж байна.Олон жилийн дараа ШХАБ-ын гишүүн орнуудыг нэмэгдүүлэх хуулийн бэлтгэл үйл ажиллагаа дуусах гэж байна Монгол бол тус байгууллагын анхны ажиглагч орон. Аль болох жинхэнэ гишүүн болох нь тус байгууллагын хувьд ашигтай. Мөн Монголын аюулгүй байдал болон хөгжлийн ашигт нийцнэ.Монголын найрсаг хөрш, стратегийн түншийн хувьд Монгол Улс ШХАБ-т элсэхэд нааштай хандаж байна. Монголын тал үүнийг нухацтай судлахыг хүсч байна.

Бид НҮБ-ын дэглэм, зарчмыг хамтдаа хамгаалж, олон улсын харилцааны үндсэн зарчмыг хамгаалж, НҮБ-аар гол үүрэг гүйцэтгүүлж байгаа олон улсын дэг журам болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны тогтолцоог хамтдаа хамгаалах ёстой. Мөн бусад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцох үйл ажиллагааг эсэргүүцэх ёстой. Бид харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах аюулгүй байдлын шинэ үзэл санааг баримтлах ёстой. Бид нар энх тайван, яриа хэлэлцээ, улс төрийн шугамаар олон улсын маргаан болон халуун асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно.Украины хямралыг улс төрийн аргаар шийдэхийн тулд В.В.Путин Ерөнхийлөгчийн гаргасан хүчин чармайлтыг дэмжинэ.

Ирэх жил Дэлхийн II дайн дууссаны 70 жил, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойгоор би болон ноён В.В.Путин харилцан тохиролцсоноор хэд хэдэн тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулна. Ирэх жил би Москвад очиж, Ерөнхийлөгч В.В.Путин Хятадад ирж тэмдэглэлт арга хэмжээнд оролцох болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад улсын удирдагч нар Хятад, Орос хоёр талаас зохион байгуулах тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцоход таатай байна. Бид цаашид Монголын тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Монгол Улс АПЕК-т элсэхийг дэмжинэ.

Монголын талаас санаачилж буй Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж байна. Монголын тал зохистой хэлбэрээр Зүүн хойд Азийн механизмд оролцохыг дэмжинэ. Энэ хэлэлцээ маш их ач холбогдолтой юм. 
 

Т.Хулан  ДУШАНБЕ