Хууль зүйн салбарын шинэчлэл гэх нэрэн доор  Монголын цагдаагийн байгууллага чамгүй өөрчлөгдөж байгаа билээ. Хууль эрх зүйн орчин,  байр сав, нэр, дарга нар  гээд бүхий л өөрчлөгдөж болох зүйлс нь өөрчлөгдөж байгаа.  Тэгвэл энэхүү өөрчлөлт шинэчлэлт  дуусаагүй бололтой юм.

 Цагдаагийн ерөнхий газрын   харъяа байгууллагуудыг  өөрчлөх, заримыг нь нэгтгэхээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор хэрхэн өөрчлөх схем зурагдаж эхлээд байгаа ажээ.  Ингэхдээ Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газрыг татан буулгаж өөр газруудтай нэгтгэн нэрийг нь өөрчлөх зэрэг олон ажиллагаа болох юм байна.  Уг схем ирэх долоо хоногт зурагдаж дуусах ажээ.  

Байр савны хувьд ч гэсэн сэлгээ хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Хуучин нийслэлийн цагдаагийн газрын байрыг нурааж олон давхар сайхан барилга сүндэрлүүлсэн. Тэгвэл энэхүү байранд Нийслэлийн цагдаа бус ЦЕГ нүүн орох ажээ.  Харин  ЦЕГ-ын  байранд  Нийслэлийн цагдаа орох юм байна.

Хууль эрх зүйн орчны өөрчлөлт  энэ жил болон ирэх жил үргэлжлэх төлөвтэй байгаа.  Үүнийг нь эсэргүүцэж,  Х.Тэмүүжин сайдынхаа эсрэг ажилласан дарга нарыг алдаан дээр нь дөрөөлөөд “хусаж” байгаа.  Тодруулбал  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд  нарыг дутагдал гаргасан гэх шалтгаанаар халаад зогсохгүй, цолыг нь хураасан. Улмаар Х.Тэмүүжин сайд өөрийнхөө хүмүүсийг  “тавьсан” бөгөөд үүнийг нууцалж байсан ч удалгүй олон нийтэд ил болсон.  

Цагдаагийн байгууллагад хийж байгаа шинэчлэлийг эсэргүүцсэн нэгнийг нь “хусаж”, дэмжиж байгаа чадварлаг нэгнийг нь “дээшээ шидэх” ажиллагаа эхлээд байгааг учир мэдэх нэгэн нь ярьж байна.  

Цаашид цагдаагийн байгууллага хэрхэн шинэчлэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа