Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон гурван талт хэлэлцээр өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа боллоо. 

Уг хурлаар талууд “Эрүүл мэндийн салбарын 2014-2016 оны хамтын хэлэлцээр”-ийг хэлэлцсэн юм. Өмнөх хэлэлцээрүүдэд хувийн хэвшлийн ажил олгогч нар оролцдоггүй, зөвхөн хоёр талт хэлэлцээрийг хийдэг байсан бол энэ удаагийн хэлэлцээрийг гурван талт болгосноороо онцлог болж байна. 

 Эрүүл мэндийн яамнаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хэлэлцээрт тусгасан үүргээ биелүүлэн, жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарлаж, төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж эхэлсэн.  

alt

 Энэ удаагийн хэлэлцээрт салбарын яамны зүгээс эрүүл мэндийн салбарыг өмчийн хэлбэр харгалзахгүй бүх байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн ажиллагсдын цалин хөлсийг хөдөлмөрийн ачаалалд суурилан үе шаттайгаар нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа салбарын Гавъяат ажилтан, Ардын эмчид урамшуулал олгох, гадаад арга хэмжээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн сайдын зөвлөлд салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, МХХЭМБНХолбооны төлөөллийг оруулах, хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдийн даатгалын санхүүжилтийг улсын эмнэлэгтэй ижил түвшинд ижил нөхцөлтэйгээр үе шаттайгаар хүргэн, шийдвэрлэх зэрэг асуудлуудыг дэвшүүллээ.  

alt

 Харин МЭМАҮЭХ-ноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг гурван саяд хүргэх, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, ур чадварын нэмэгдэл олгох, жижүүрт хоносон эмчийн дөрвөн цагийг хасч тооцдогийг зогсоож, биеэр амруулаагүй болон илүү цагийн хөлсийг бүрэн олгуулах, шөнийн цагийн нэмэгдэл олгох, эмнэлэг бүрт сэтгэл зүйч ажиллуулах, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт замаар нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсаар хангуулах зэрэг асуудлуудыг дэвшүүлжээ. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл ч хэлэлцээрт өөрсдийн саналыг тусгалаа.  

alt