Асрамжинд байгаа хүүхдээсээ архины мөнгө нэхэж ирдэг аав ичээсэй
2013/05/07
Зөндөө олон аавын дундаас
Зөвхөн миний л аав алга уу даа
Зөн билгийн хайртай аав минь
Зүүдэнд ирээд намайг үнсээ ч... хэмээх сэтгэл өмлөсөн үгтэй дуу хэдэн жилийн өмнө их л дуулагддаг байсан. Энэ дуу бол ээжтэй, аавтай хүний дуу биш. Тэгээд ч насанд хүрсэн хүний дуу биш.
Бага наснаасаа өнчин өрөөсөн үлдэж, хэн нэгний хайр халамжинд хүн болох гэж зүтгэж буй хүүхдүүдийн дуулдаг дуу. Тиймээс дээрх дууг дуулж буй хүүхдийг харахаар өөрийн эрхгүй өр өвддөгсөн. Энэ л дууг сонсох бүрийдээ яагаад ч юм асрамжийн газрын хүүхдүүд сэтгэлд буудаг байлаа. Өнөөдөр энэ дууг эргэн санах болсны учир нь СХД-ийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” нэртэй асрамжийн газрыг зорьсонтой холбоотой. Өнчин хүнийг өрөвдөх, хайрлахын далай цагаан сэтгэл монгол хүн бүрт байдаг. Хүүхэд хүссэндээ өнчин үлддэггүй. Амьдрал хэмээх хатуу давлагаан дунд хагацал, хайр хослодог болохоор хэн нэг нь хайраар бялхаж явахад нөгөө нэг нь аав, ээжийн хагацал үзэж энгэртээ багтахгүй зовлон тээх үе хүн төрөлхтөн бидэнд оногддог нь бичигдээгүй хууль гэлтэй. Энэ л замаар алгадуулах аав, аргадуулах ээжгүй олон хүүхдүүд бидний дунд амьдарч яваа. Тэр л хүүхдүүдийн нэгээхэн хэсэг “Эрдэм” асрамжийн газар байдаг хэмээн сураг сонсч ээлжит сурвалжлагаа хийхээр зорьлоо. “Эрдэм” хэмээн том хаягтай даруухан цагаан байшингийн гаднах орчин нь цэмцгэр хашаанд нь торойх ч хоггүй байх бөгөөд асрамжийн газар оронгуут хоёрдугаар ангийн болов уу гэмээр охин улавч авчирч өгөв.
Тэрбээр “Манайх гэртээ гутал өмсгөдөггүй. Хэрэв гуталтай байх шаардлагатай бол гутлынхаа гадуур улавч угладаг цэвэр орчин” хэмээн ярьж байлаа. Ээж, аавгүй хүүхдүүд л асрамжийн газар байдаг гэсэн ойлголт бидний дунд бий. Тэр л ойлголтоороо багаасаа өнчин үлдэж хүний орчлонд амьдрах гэж зүтгэж буй энэ охин нэлээн хэрсүү ухаантай юм хэмээн бодож байснаа нуух юун. Тиймээс сэтгэлийг нь дэвтээх гэгээтэй ганцхан үг ч болов хэлэхсэн гэж бодох зуураа багш, хүүхдүүдийн талаар сонирхож зарим өрөөнүүдээр орж хүүхдүүд хэрхэн амьдарч буйтай нь танилцсан юм. Зургадугаар ангиас дээш насны охидын өрөө хичээлийн ширээ, ор, номын тавиур зэрэг цомхон тавилгатай ч тэд их л цэвэрхэн суудаг бололтой. Энэ өрөөгөө бага ангийн хүүхдүүд “Эгч нарын өрөө” хэмээн нэрлэдэг аж. Эгч нарын өрөөний хажууд бага насны охидын өрөө, түүний зүүн жигүүрт нь тоглоомын болон хичээл давтаж, телевизор үздэг чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, хөвгүүдийн өрөө, гал тогоо гээд “Эрдэм” асрамжийн газрын байр цомхон ч боломжийн тохилог юм байна.
Энэ асрамжийн газрыг нэг гэр бүлийн ах дүү нар аавынхаа гэгээн дурсгалд зориулан 2006 онд нээж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж өөрсдийн боломжоор хөрөнгө, мөнгөө зарцуулдаг ажээ. Тухайлбал нэг ах нь хүүхдүүдийн хичээлийн хэрэглэл, дүү нь хоол хүнс, эгч нь хувцас хунарыг нь худалдан авч өгөх жишээтэй. Энэ байгууллагад улсаас хөрөнгө мөнгө гаргаж өгөх нь бүү хэл байрны цахилгаан, дулааны мөнгө гэх мэт хуулийнхаа дагуу татвар авдаг аж. Нэг үгээр хэлэх юм бол хүний төлөө хүүхдийн ирээдүйн төлөө сэтгэл, зүтгэл, санаа санаачлага гарган ажиллаж буй хүмүүсийг урамшуулахын оронд өөчилж, гоочилж байдаг төртэй гэж бодохоор бухимдал төрж байлаа. Энгийн хүн өнчин хүүхдүүдийг асарч хамгаалж, зөв ирээдүйг нээж өгөх гэж зүтгэж байхад хүүхдийн төлөө “За” гэж хэлж мөнгө иддэг өнөөх олон төрийн болон төрийн бус байгууллага нь хаана ямар ажил хийж, хүүхдийн төлөө ажиллаж буй нь бүү мэд.
Үүний зэрэгцээ “Эрдэм” асрамжийн төвийн хажууд “Амьдрах ухаан төв” нэртэй насанд хүрэгчдийг хооллож, өнжүүлдэг байр байдаг юм байна. Гэтэл “амьдрах ухаан” нэртэй тус төвд ирсэн архичид хашаа даван орж асрамжийн газрын хүүхдүүдийн гаднах тохижилт, болон ил байгаа зүйлийг хулгай хийх, хогоо давуулж шидэх зэрэг санаанд оромгүй буруу үйлдлүүд хийдэг аж. Уг нь санаагаар болдог бол “архичдыг цуглуулж үнэгүй хоол ундаар ханган өөгшүүлж байхаар “Эрдэм” асрамжийн төвийг өргөтгөн өнчин өрөөсөн хүүхдүүдийг сурах боловсрох бололцоог улам нээж өгвөл зүгээр сэн.