Цагдаагийн байгууллага бүтэц, байр, дарга нарын халаа сэлгээний ажил хийж байгаа талаар бид мэдээлсэн билээ.  

ЦЕГ-ын дарга,  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Мөрдөн шалгах ажиллгаанд дэмжлэг үзүүлэх газрын дарга нарыг өөрчилсөн бол энэ удаад нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн газрын дарга нарыг ажлаас нь түдгэлзүүлжээ.  

Тодруулбал, ажлын ур чадваргүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгээр ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав гаргасан байна.  Улмаар хэн хэнийг дүүргүүдийн цагдаагийн газрын дарга болгохоо ярилцаж зарим нэгнийг нь дуудан уулзаж, дарга болох уу хэмээн саналыг нь асууж байгаа ажээ.  Ажлаа өгсөн  дүүргийн цагдаагийн газрын дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн байна.  Тэгэхээр дүүргийн цагдаагийн дарга нар байсан хүмүүсийн хувь заяаг ЦЕГ-ын боловсон хүчин эрхэлсэн  “нөхөр” шийдэх юм байна.  

Уг нь  ЦЕГ-ын боловсон хүчин нь мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэрэг бүртгэгч нарын халаа сэлгээг хариуцдаг.  Тэгтэл дүүргийн дарга нарын хувь заяаг боловсон хүчний мэдэлд атгуулж байгаагаас үзэхэд дүүргийн цагдаагийн газрын дарга нар хэн нэгний зэвүү дургүйг зэрэг хүргэсэн бололтой юм.

Одоогоор хэн хэн дүүргийн цагдаагийн газрын дарга болсон нь тодорхойгүй байна.  Томилгоо ирэх долоо хоног гэхэд тодорхой болох юм.

 Есөн дүүргийн цагдаагийн дарга нартай хамт  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи,  биеэ үнэлэлттэй тэмцэх газрын дарга  Н.Батзориг болон  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын  Эдийн засгийн гэмт хэргийг  мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр нарыг мөн ажлаас нь чөлөөлжээ.  Н.Батзоригийг  Г.Сарангэрэлийн  хэрэгт хамааралтай хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол  Д.Энхтөрийг юуны учир чөлөөлсөн нь тодорхойгүй юм.

А.Баярмаа