Сүүлийн жилүүдэд дулааны улиралд хийгдэж байгаа гол ажлуудын нэг нь зам засвар болсон билээ. Эхэн үеэ бодвол нийслэлийн томоохон хэсгийн зам талбайг засан шинэчилсэн ч энэ жил үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгэхээр болсон.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зам засварын ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 18 байршлын 33 газарт автозамын ажил хийгдэж байгаа аж. Шинээр нэмэгдэх ажлуудтай нийлээд нийт 60 гаруй цэгт ачаалалтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж мэдээлсэн.
"Жил бүрийн хавраас эхлэн хүмүүсийн уур бухимдлыг хүргэдэг нэг асуудал яах аргагүй зам засварын ажил байдаг. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг энэ үед аль болох иргэдийн бухимдлыг багасгах нэг арга нь автомашины дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлах. Зам засварын оргил үеэр уг арга хэмжээг авах нь зүйтэй” гэж тэрээр нэмж ярьсан.

Харин Нийслэлийн удирдлагын зүгээс энэ асуудлаар судалгаа хийж байгаа бөгөөд зам засварын ажлын үед автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахгүй гэдгээ мэдэгджээ.

Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэлэхдээ "Автозам засварын ажлыг хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхэд хамгийн чухал зүйл нь хөдөлгөөний ачааллыг зөв зохион байгуулалтанд оруулах юм. Энэ жилийн хувьд харьцангуй ачаалал ихтэйгээр ажиллах учир ажил гүйцэтгэл болоод иргэдийн бухимдлыг багасгах хамгийн зөв шийдэл нь дугаарын хязгаарлалт гэж үзэж байна. Тиймээс ард иргэдийн зүгээс ч энэ тал дээр нааштай хандахыг хүсч байна" гэж хэлсэн юм.

С.Отгон