Хэд хэдэн олон ангит киног үзэгчдийн хүртээл болгосон "Боловсрол" суваг энэ удаагийн шинэ уран бүтээлээ цэнхэр дэлгэцээр цацахад бэлэн болжээ. 

"Эрүүгийн хууль" шинэчлэгдэн "Гэмт хэргийн тухай хууль" болохоор хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор "Боловсрол суваг" телевиз Хууль зүйн яамны захиалгаар 40 ангит "Мөрдөгч" киног бүтээсэн байна.

Телевизийн киногоор дамжуулан иргэдэд хуулийн талаар мэдлэг өгдөг хэлбэр дэлхийн бусад оронд ч түгээмэл байдэг энэхүү жишгийг манай уран бүтээлчид ч гэсэн дагасан аж. Тухайлбал, Германы телевизийн бүтээл болох "Мөрдөн байцаагч Деррик", Их Британийн телевизийн “Байцаагч Морз” зэрэг кинонууд байдаг. Монголд ч сүүлийн үед энэ хэлбэрээр олон кино хийгдлээ. Тухайлбал, МҮОНТ болон Онцгой байдлын ерөнхий газар хамтарсан "Нарны жим" олон ангит кино, “NTV” телевизийн бүтээл авлигын хор хөнөөлийг харуулсан "Ус дээшээ урсдаг" олон ангит кино, "Эх орон" телевизээр гарсан "Цахлай нисэх гэж төрдөг" зэрэг олон ангит кинонуудыг нэрлэж болно. 

“Мөрдөгч” кинонд нийслэлийн нэгэн дүүргийн цагдаагийн албанд ажиллах 4 мөрдөгч, 1 шинжээчээр төлөөлүүлэн тэдний өдөр тутмын амьдралд тохиолдох сонирхолтой, ээдрээтэй, адал явдалтай ажлыг өгүүлжээ. Өнөө оройноос эхлэн гарах тус киноны анги болгон өөр өөр хэргийн тухай үзүүлэх бөгөөд бодит хэргүүдээс сэдэвлэсэн гэнэ.

Киноны гол дүрд СТА Н.Ялалт, СТА Ч.Болд, СТА Н.Амарсанаа, жүжигчин Н.Мөнхсоёл, Б.Анхбаяр нар тогложээ. Кино зохиолыг Г.Анхбаяр (Аанхаа), Д.Билгүүн (Гаамп), Д.Түмэн-Өлзий (Артаньян) нар болон А.Миеэгомбо нар хамтран бичсэн байна.

Гэмт хэргийг илрүүлэхийн төлөө сэтгэлээ зориулж, ухаанаа уралдуулан ажиллаж байгаа хошууч Дондог, ахмад Батнягт, дэслэгч Гарьд, Гэрэлмаа болон шинжээч мөрдөгч Оюунболд нарын түүхээр энэ салбарыг иргэдэд харуулсан “Мөрдөгч” олон ангит уран сайхны киног оройн 22:10 цагаас хүлээн авч үзээрэй.

 

Д.Ана