Сүүлийн жилүүдэд улсын наадамд зодоглсон бөхчүүдээс допинг илэрсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татдаг болов.

Энэ жил ч ялгаагүй. Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулдаг юм.  Улмаар сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лавораторид хүргүүлдэг юм байна. Энэ дагуу   сорьцыг хүргүүлж шинжлүүлэхэд хоёр бөх  допинг хэрэглэсэн нь илэрчээ. 

Ямар бөхчүүдийг энэ шинжилгээнд хамруулдаг вэ гэхээр улсын наадамд тав давж, шөвгөрсөн бөхчүүдээс жил бүр допингийн шинжилгээ авдаг гэсэн үг.  Энэ жилийн баяр наадмын дараа  шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулсан юм.

 

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд цол хүртсэн бөхчүүдийг танилцуулья:

Улсын арслан цол:

  • Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн болсон.

Улсын гарьд цол:

  • Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан  улсын наадамд үзүүрлэж, гарьд цол хүртэв. 

Улсын харцага цол:

  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээ, "Нью" прогресс группийн бөхулсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан.

Улсын начин цол:

  • Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, "Багануур" ХК, Акс херо компаний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун,
  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат "Хилчин" спорт хороо, ХЦ-0311-р анги, "Хантайшир" дэвжээний бөхаймгийн арслан Б.Суманчулуун,
  • Архангай аймгийн Тариат сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг" ХХК-ний бөхаймгийн арслан Найдангийн Адъяабат,
  • Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 325-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Тэргүүн саруул зам" ХХК-ний бөх аймгийн арслан Лхагваагийн Лха-Очир,
  • Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 017-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Сандэй" группийн бөх цэргийн арслан Базаргүрийн Бадамсүрэн нар улсын начин цол хүртэв.

Эдгээр бөхчүүдийн хэн нь допинг хэрэглэв гэдэг нь удахгүй тодорхой болно.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн   Д.Данзангаас тодруулахад  "Гурав биш хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэдгийг Солонгосоос мэдэгдсэн. Ирэх арваннэгдүгээр сард шинжилгээний хариу ирнэ. Тэр үед нэрийг нь олон нийтэд зарлах болно. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авах нь зөв. Манайд сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авч, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч байсан тохиолдол байдаг.

Одоо ч гэсэн түүнтэй адил арга хэмжээ авах байх. Дэлхийн олон улс сэргээшийн эсрэг арга хэмжээ авдаг. Ингэхдээ хэрэглэсэн тамирчныхаа тэмцээн, уралдаанд орох эрхийг нь хугацаа зааж хасч, авсан цол медалийг нь хураадаг.

Одоо А сорьцын шинжилгээний дүгнэлт танилцуулах асуудлыг ярьж байна. Лабортарийн шинжилгээний хариу ирснээс хойш гурав хоногт багтааж Монголын үндэсний олимпын хороо холбогдох үндэсний спортын холбоонд бичгээр мэдэгдэх ёстой. Тэгээд Үндэсний спортын хороо  ажлын тав хоногт багтааж сорьц нь эерэг сөрөг гарсан талаар бүх харваач, уяач, бөхчүүдэд мэдэгдэх ёстой гэсэн хуультай" гэлээ.

Улсын наадамд  ес даван түрүүлсэн Н.Батсуурь арсланг барилдаж байх үедээ хамраас нь цус гарсан, хөлс нь гоожиж байсан  хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамаг хэвлэлээр явж буй. Гэвч тэрээр үүнийг үгүйсгэжээ.

"Үндэсний бөхийн холбооноос яриагүй. Шинжилгээний хариу ирэхээр үнэн, худлаа нь тодорхой болно. Тэгсний дараа нэр төрөө сэргээлгэнэ. Энэ жил би эм ч уугаагүй.  Допингийн  талаар би сайн ойлголттой учир тийм зүйл хэрэглэхгүй" гэж няцааж байна.