“Тамхины хяналт”-ын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулав
2014/03/14
2013 оны 3-р сарын 01-нээс Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхэлснээр гудамж талбай, нийтийн эзэмшлийн газар, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газар, албан байгууллагад дам тамхидалтад нэрвэгдэх байдал арилж, Монгол улсын хүн бүр тамхины хяналтын тухай хуулийн талаар мэддэг, хэрэгжүүлэхийг хичээж байгаа нь уг хууль иргэдэд хүрсэн, нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн хууль болсныг харуулж байгаа юм.
2013 оны 3-р сарын 13-ны өдөр ЭМЯ-наа зохион байгуулагдсан уулзалтаар салбарууд хууль хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашдын үйл ажиллагааны танилцуулгаа хийж, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар “Тамхины хяналт”-ын хууль хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд ярилцлаа.
ЭМЯ, ЭЗЯ, ҮХААЯ, МХЕГ, ЦЕГ, ГЕГ, НЗДТГ, ШӨХТГ, НЭМГ, НЭМҮТ, СЭМҮТ-ийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалтад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцож, тамхины хяналтын хуулийн хэрэгжүүлэхэд салбаруудын хамтын ажиллагаа хангах, иргэд, төрийн бус байгууллага, өсвөр үеийнхний идэвх оролцоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга замын талаар гишүүдтэй санал солилцов.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, хуулийн зарим заалтын хэрэгжилт чухал байгаа. Хүмүүс хаана ч тамхи татаж болохгүй гэсэн буруу ойлголттой байна. Иймд хориглоогүй газар тамхи татах чөлөөтэй гэдгийг нь ойлгуулах, харин хориглосон газрууддаа тодорхой, ойлгомжтой “тэмдэглэгээ” байршуулах хэрэгтэй байна гэв.
Дэлхий дахинаа тамхины хяналт сайжирч байгаатай холбоотойгоор тамхинаас гаргах нэрийн дор янз бүрийн хэлбэр, дүрс бүхий тамхин бүтээгдэхүүн нэмэгдэж байгаагийн түрүүч Монголын зах зээлд хэдийн орж ирсэн тухай, энэ асуудлыг хэрхэн хянах, зохицуулах тухай гишүүд ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
Хурлын үеэр “Хуулийн зүйл, заалтыг зөв сурталчлах нь чухал” гэсэн саналыг гаргаж байлаа. Мөн тамхины хор хөнөөл, тамхинаас гаргах арга, эмчилгээ, хууль бус худалдаа, сургалт сурталчилгааны материалын агуулгыг сайжруулах зэрэг тамхины хяналт тойрсон олон асуудлаар ярилцаж санал, мэдээлэл солилцсон үр өгөөжтэй уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтаас “Тамхины хяналт”-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2 сарын аян зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, салбарууд хамтран ажиллахаар боллоо.