Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд буюу Орхон, Сэлэнгийн бэлчир хавьд өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 4-нд долоон том хүн, нэг хүүхдийн хамт явганаар гол гаталж байгаад мөс цөмөрч осолдсон хэрэг гарсан.

Уснаас зургаан иргэнийг эсэн мэнд гаргаж авсан ч 27 настай бүсгүй найман сартай хүүгийн хамт усанд урсан алга болсон юм. Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албаныхан хэд хоногийн турш эрэн хайх ажиллагаа явуулсан боловч голын ус хөлдсөнөөр эрлийн ажиллагааг зогсоосон билээ. Хүүгээ тэвэрсэн ээж зургаан цагийн турш аврал эрэн хашгирсаар ОХУ-ын хил орчмоос сураг тасарсан гэдэг.

 Тэгвэл Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албаныхан ээж, хүү хоёрыг эрэн хайх ажиллагааг голын мөс хайлсан цагаас эхлүүлжээ.  Гэвч сүүлийн хэд хоног голын ус үерлэсэн тул эрлийн ажиллагааг түр зогсоогоод өчигдрөөс дахин эрэн хайх ажиллагаа үргэлжилжээ. Ингэхдээ Онцгой байдлын албаны аврагчид усанд урсаж сураггүй болсон эмэгтэйн нөхөр болон ар гэрийнхэнтэй хамт хайж байгаа юм байна.

 Эх сурвалжийн мэдээлснээр ээж, хүү хоёрын ар гэрийнхэн Онцгойгийнхонд хандаж "Эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 13 хүртэл үргэлжлүүлье. Ингээд олдохгүй бол хүндэтгэлийн хөшөө босгоё" гэсэн санал тавьжээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаныхан ирэх даваа гариг хүртэл эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.

Д.Сүрэн