Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсын шилдэг тамирчид цэц мэргэнээ сорин оролцож байгаа бөгөөд өнөөдөр 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн төрлийн тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа.

   Дэлхийн шилдэг тамирчид оролцож цэц мэргэнээ сорьсон тус төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, АПУ хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү үндсэн буудлагадаа 573 онож, финалын буудлагадаа 176.1 онож хүрэл медалийн болзол хангаж эх орныхоо болоод элэг нэгт ахан дүүсийнхээ нэр алдарыг мандууллаа. Мөн манай эрэгтэй гар буучид маань өнөөдрийн 10 метрийн хийн гар бууны төрөлд багаараа хүрэл медалийн болзол хангаж бахдам амжилт үзүүллээ.

  Ийнхүү монголын эрэгтэй гар буучдын бахархал болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, Апу хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү болон эрэгтэй гар бууны багийн тамирчиддаа Монгол түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсье.


Та бүхнийг спортын тэнгэр ивээг.