Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ. Энэхүү төслийг Сангийн сайд Ч.Улаан гурван онцлогтой болсон хэмээн тодотгосон. Тодруулбал, Орон нутаг, төсвийн анхан шатны эрх захирагчдад төсвийн эрх мэдэл, үүрэг, хариуцлагыг цогцоор шилжүүлж байгаа ажээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг аль болох илүүтэй дайчлах юм байх. Хэдийгээр төсвийн байдал, эдийн засаг өөрчлөгдөхгүй ч нийгмийн арга хэмжээнд зарцуулах зардлыг нэмэгдүүлэх зарчим баримтлахаар болсон гэдгэээ дуулгасан.

Тэгвэл орон нутгийн төсвийг бие даалгахаар болж байгааг нь зарим эрх мэдэлтнүүд буруутгалаа. Тухайлбал, хотын захирагч Э.Бат-Үүл үүний эсрэг байр суурьтай байгаа юм. Тэрбээр "Засгийн газраас УИХ-д 2015 оны нэгдсэн төсвийн танилцуулга өргөн барьжээ. Энэ төсөл УИХ-аар батлагдвал үр дагавар нь маш аюултай. Ч.Улаан сайд шиг туршлагатай хүн энэ төсөл хотын эдийн засгийг шууд дампууруулна гэдгийг мэдэж байгаа. Би хувьдаа Ч.Улаан сайдыг яагаад ийм зүйлийг санаатай хийж байгааг гайхаж байна. Хэрвээ уг төсөв УИХ-аар батлагдвал Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилчдын цалинг олгож чадахгүй, хэрвээ цалин тавих гэж оролдохоор болбол бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дээр татварыг 2 дахин нэмэхээр болно. Үүнийг Ч.Улаан сайд мэдэж байгаа. Энэ бол улс төрийн зорилготой, нийгмийг тогтворгүй байдал руу түлхсэн зориудын өдөөн хатгалга гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ талаар Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн боловч тун хайхрамжгүй хандаад байна. Бидэнд багш, эмч, соёлын байгууллагын цалин, урсгал зардал гээд 280 тэрбум төгрөгийг олго, 53,4 тэрбум төгрөгийн ахмадууд, оюутнууд, цагдаа нарын нийтийн тээврээр үнэгүй зорчуулсныг татаасыг өг, 94 тэрбум төгрөгийн халамжийн санг олго гэж хэлсэн. Эдгээр нь сар бүр өгч байх ёстой төсвийн урсгал зардал юм.

Өөрөөр хэлбэл, төсвийн тухай хуульд "Зарлагаа" бүрэн санхүүжүүлэх гэдэг нь урсгал зардлаа урсгал орлогоор санхүүжүүлэх ёстой гэсэн үг. Тийм учраас улсын төсөвт энэ ачааллыг өгдөг. Яагаад гэвэл онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн татвар гэх мэтээр улсын төсөв урсгал орлоготой. Энэ нь өдөр бүхэн орж байж иргэдийн цалинг өгч, ургсгал зардлаа өгдөг" гэлээ. 

Харин Ч.Улаан сайдаас Нийслэл рүү хуваарил­сан багш, эмч нарын ца­лин тэтгэмжийн 350 тэр­бум төгрөгийн зардлыг хотын төсөв даах боломжгүй гэсэн. Энэ чигээр нь төсвийг бат­лах юм бол авто зам ашиг­ласны татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэл байгааг нийслэлийн удирдлагууд ярьж байна хэмээн тодруулахад, "Энэ бас ташаа ойлголт байна. Орон нутагт нь хөрөнгө оруулалт, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг шилжүүлж байгаа. Гэхдээ улсын төсвөөс зардлын эх үүсвэртэй нь хамт өгч байгаа юм.

Орлогогүй, эх үүсвэргүй зардлыг орон нутагт өгчихлөө гэж ойлгох нь ташаа. Жишээ нь, нийтийн тээврээр зорчдог оюутан, төрийн зарим албан хаагч, тахир дутуу иргэдэд төсвөөс татаас олгодог. 52 тэрбум төгрөгийн зардал улсын төсвөөс ирэх жил олгоно.

Үүнийг Улаанбаатар хот руу шилжүүлж байгаа. Улаанбаатараас 60 орчим тэрбум төгрөгийг улсын төсөв рүү төвлөрүүлж авдаг байсныг болиод үүнийг уялдуулаад өгчихөж байгаа юм. Орон нутгийн татвар тогтоох эрхийг нь мөн өгч байгаа. Хэрвээ орон нутаг улсын төсвийн хуваарилснаас илүү хөрөнгө оруулалт хийе, аймаг, нутгаа хөгжүүлье гэж ард иргэдтэйгээ ярьж тохироод эх үүсвэр босгох бол эрхийг нь нээгээд өгсөн гэсэн үг. Суурь орлого, суурь зарлага хоёрыг баланслуулаад орон нутагт өгч байгаа. Урьд нь ийм эрх байгаагүй. Санхүүгийн нөөцийг үр дүнтэй ашиглахыг өөрсдөд нь эрхийг, үүрэг хариуцлагатай нь өгч байгаа" гэсэн юм.

Хотын захирагч Э.Бат-Үүл засгийн газарт дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. Хотыг бие даалгах гээд байгаа юм бол 2003 оноос өмнөх санхүүгийн тогтолцоог бий болгоё. 

Бид урсгал орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн татвараа авъя. Тэгвэл бид Засгийн газрыг харахгүйгээр бүх ажлаа хариуцаад явж болно. Одоо бол хот ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй болж байна. Сарын дундуур цалин тавья гэхээр урсгал орлоготой төсөв байхгүй. Ямар нэгэн байдлаар зээл авах хэрэг гарна. Гэхдээ нэгдүгээрт зээл авах эрхийг Засгийн гараас зөвшөөрөл авдаг, хоёрдугаарт банкууд бидэнд зээл өгдөггүй. Яагаад гэвэл урсгал зардалгүй учраас. Ингээд ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй, дээрээс нь татвар нэмнэ гэхээр энэ нийгмийг бүхэлд нь сүйрүүлнэ. 

Нөгөө 22 байршилд хийж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, Азийн хөгжлийн банктай хамтарч Чингэлтэй, Баянхошуу дүүрэгт барих хотын дэд төв барих ажил зогсонги байдалд хүрнэ. Хөрөнгө оруулалтад 320 сая доллар зарцуулахаас 90 саяыг хот гаргах ёстой. Энэ зогсоно гэсэн үг. 

Ерөнхийдөө нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтыг ажлууд бүгд зогсоно. Ийм л дампууралд хүрэхээр байна. Яагаад урсгал орлогогүй төсөвт урсгал зардал байж болдоггүй гэдгийг мэдсээр байж аюул руу түлхэж байна вэ гэдэгт л гол асуудал байгаа юм. Энэ бүхэн Ч.Улаан сайд 2003 онд төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг оруулж ирснээс болж байгаа юм. Хүмүүс цалингаа авч чадахаа болихоор зах зээл дээр хэн ч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа болино. Яагаад хүмүүсийн цалинг тогтвортой өгдөг вэ гэхээр зах зээл дээрх эргэлтээ барьж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж байхын тулд шүү дээ. Тийм учраас төсвийн урсгал орлогын төсвийн урсгал зардал байдаг юм. Өөрөөр хэлбэл, урсгал гээд нэрлээд байгаа зүйлийг артерийн судас гүйж байна гэж үзвэл үүнийг яг одоо таслах гээд байна. Үүнийг тасалчихвал тэгээд л бүх бизнес дампуурах ийм л эрсдэлтэй. 

Ийм үед бид иргэдээс татвараа авъя гэвэл иргэдэд юугаараа төлөх болж байна. Нийслэлд хүн амын 50 хувь, банкны хадгаламжийн 80 гаруй хувь, зээлийн 90 хувь, ДНБ-ий 63 хувь ногдож байна. Сүүлийн гаргасан түүвэр судалгаагаар хотын хүн ам 1,360,000 болж байхад эдийн засагт “тэсрэх бөмбөг” хаядаг нь яаж байгаа юм. “Чингис” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй шүү дээ. Хариуцлагаас бултсан, хуул зөрчсөн ийм үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэв. 

 

Х.Даваа