Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа болон албан бусад хүмүүс өчигдөр /2014.04.01/ Хэнтий аймгийн Оношилгооны төвийн нээлтэд оролцлоо.

Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбумын багцаас санхүүжүүлж Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад Оношилгооны нэгдсэн төв байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ эдгээр аймгуудад нэг цаг хугацаанд болсон юм.

 Засгийн газрын тэргүүн нээлтийн үеэр “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад аймаг орон нутагт ямар ажил хийх хэрэгцээтэй талаар санал асуулга авахад оношилгоо, эмчилгээний төвтэй болох санал хамгийн олон ирсэн. Аймаг орон нутгийн удирдлагатай оношилгооны нэгдсэн төвийн асуудлаар 3-4 удаа цахим хурал хийж, тухайн аймагт ямар тоног төхөөрөмж хэрэгтэй талаарх судалгаа авсан. Иймээс орон нутгийн иргэд маань оношилгоо, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй болсон” гэдгийг онцоллоо.

alt

 11 аймагт тоног төхөөрөмж худалдаж авах, аймгуудын оношилгооны төвийн засварын ажилд 25 тэрбум төгрөгийг зарцуулсан юм. Үүнээс Хэнтий аймагт 148 сая төгрөгийн өртгөөр барилгын засварын ажил хийгдэж, 1,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Тархины судасны шинжилгээ, хавдрын маркерийн шинжилгээ, уушигны видео дурангийн шинжилгээ, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шээсний анализатор, шүдний иж бүрэн оношилгоо зэргийг иж бүрэн хийх бололцоотой боллоо. Эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулж, аймгуудад оношилгооны төв бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлснээр оношилгоо шинжилгээг клиникийн том эмнэлгүүдийн хэмжээнд хийж, иргэд хөдөө орон нутгаас хот руу явж шинжилгээ өгөх шаардлагагүй болж, шинжилгээний хариу, онош зэргийг Улсын төв эмнэлэг, зөвлөх эмчид цахимаар илгээж шууд зөвлөгөө авах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь манай эрүүл мэндийн салбарт гарч байгаа хувьсгал болсныг мэргэжилтнүүд хэлж байна.

alt

alt

 11 аймагт нийт 27 нэр төрлийн 240 ширхэг багаж тоног төхөөрөмж суурилуулсан байна. Эдгээр нь Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсад үйлдвэрлэгдсэн хамгийн орчим үеийн тоног төхөөрөмжүүд ажээ. Ерөнхий сайд Хэнтий аймгийн Оношилгооны төвийн нээлтэд оролцох үеэрээ Хөвсгөл, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг аймгийн Оношилгооны нэгдсэн төвд шинжилгээ өгч буй иргэдтэй шууд холбогдож санал сэтгэгдлийг нь сонссон юм. Оношилгооны төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн компаниуд нь тоног төхөөрөмжийн баталгаа, засвар үйлчилгээ, тохиргоо зэргийг 3 жил хүртэл хариуцан ажиллах юм байна. Эдгээр багаж, тоног төхөөрөмж нь олон улсын болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг хангасан, бүрэн автомат, ажиллуулахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн дэлхийд чанараараа тэргүүлдэг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий шинэ тоног төхөөрөмжүүд юм. Тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниуд аймаг бүрт очиж эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулж зарим нийлүүлэгч компаниуд холбогдох мэргэжилтнүүдийг гадаад оронд сургасан байна. Тухайлбал, дүрс оношилгооны аппарат дээр ажиллах эмч нарыг БНСУ-д сургажээ.