Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо. Харин МҮАН, ИЗНН-ынхан Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин ажиллахаар болов.

Улс төрийн энэхүү хувиарлалтыг хөндлөнгөөс ажиглахад АН-ынхан МАН-ын эсрэг квартет тоглолт хийхээр болсон нь илэрхий. Квартет гэдэг нь хөгжмийн хэллэгээр дөрвөл хөгжим. Харин улс төрийн хүрээнийхний хувиарлалтын хувьд АН+МҮАН+ИЗНН+МАХН ба МАН гэсэн хувиарлалт хийлээ. Нэг үгээр хэлбэл МАХН-ынхан МАН-тай санал хувааж АН-ынхан дэмжигч хүчнүүдтэйгээ хүч хавсарч МАН-ын эсрэг хөдөлнө гэсэн үг юм. Хэдийгээр М.Энхсайханыг Женко Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракцынхан МТЗ-ын даргын сэнтийгээс унагасан ч мань эр улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн ашиг сонирхолоо нэгдүгээрт тавьсан. Харин МАХН-ынхны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаярыг суллуулах тохироог хийсэн нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг бид эргэн санах хэрэгтэй байх. Тэр бол Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг “Шударга ёс” эвсэл байгуулсан гэрээ. МАХН, МҮАН-ынхан “Шударга ёс” эвслийг байгуулж, урт есөн жилийн турш улс төрийн нэгдмэл байр суурьтай байхаа илэрхийлж хоёр Э нөхөрлөлөө эхлүүлсэн. Ингэж тэд УИХ-ын 2012 оны сонгуульд тун амжилттай оролцов. Сонгуулийн дараагаас эхлээд тэд албан тушаалийн хувиарлалт бас бус зүйлүүд дээр түнжин хагараад эхлэв. Эвсэл задрах тухай ч дуулдах болсон. Тэд нэгдмэл байж улс төрийн мөнхийн хамтрагч байж чадсангүй. Гэхдээ “Шударга ёс” эвсэл задраагүй байгаа.

Нэгдмэл байр суурьтай байгаагүйн нэг илрэл бол Ерөнхийлөгчийн сонгуульд “Шударга ёс” эвслээс бус МАХН-аас нэр дэвшигч тодорсон үйл явц юм. Үйл явдлын эхлэл хэсгээс л МАХН-ын өөрсдөдөө зориулсан тайз засаж, ганцаарчилсан тоглолт хийж эхэлсэн. Тэд “Шударга ёс” эвсэл гэхээсээ илүү нам доторх тоглолтуудаараа нийгмийн нэлээд хэсгийн анхаарлыг татаж эхлэв. Үүнд нь  МҮАН-ынхан гоморхсон уу, яасан ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ынхныг дэмжиж ажиллахаар боллоо. Тэд дахин олон нийтийн өмнө албан бусаар эвсэл задарсныг зарлав. Гэвч тэд өнөөдрийг хүртэл “Шударга ёс” эвсэл гэсэн нэгэн дээвэр дорж байсаар байна. Дахин сануулахад АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байгаа нь МҮАН-ын дарга М.Энхсайханы эдийн засгийн сонирхол давхар явж байгаа сануулахад илүүдэхгүй биз.

Мөн дараагийн нэг сануулах зүйл байна. Энэ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Ардчилсан нам “Шударга ёс” эвслийн Засгийн газарт урьсанаас эхлэлтэй. Энэ урилгыг ч “Шударга ёс” эвслийнхэн баяртайгаар хүлээн авч хамтарсан засаг байгуулах гэрээ байгуулсан. Яг энэ гэрээнд “Хамтарч засаг байгуулсан нам эвслүүд Орон нутгийн хурлын сонгууль болоод Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно” гэсэн заалтыг оруулсан. Гэвч тэд харилцан үүрэг хүлээж байгуулсан гэрээгээ биелүүлсэнгүй. Үүнийг гэрээний хугацаа явж эхлээд хэдхэн сарын дотор болж өнгөрсөн үйл явцаас харж болохоор байна.

Энэ нь АН-ынхны зүгээс Орон нутгийн хурлын сонгуульд дангаараа оролцсон. Тэд  ““Шударга ёс” эвслийнхэнтэй хамтарч оролцох боломжгүй” гэдгээ албан бусаар дуулгасан юм билээ. Нэг үгээр хэлбэл улс төрийн намууд үүргээ биелүүлсэнгүй.  
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу