У.Бямбажав: Эх орноо би зүрхэндээ тээдэг
2014/10/22
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, 2013 оны дэлхийн тулааны урлагийн наадмаас алтан медаль хүртсэн У.Бямбажавтай онлайнаар холбогдлоо. Тэрбээр АНУ-д зар сурталчилгааны салбарт амжилттай ажиллаж буй нэгэн юм.
“Субару”, “Оракл”, “Виза карт”, “Касперский”, “Хитачи” зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниудын албан ёсны сурталчлагч түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та сарын өмнө “One direction” хамтлагийн хит болж буй “Steal my girl” клипэд дүр бүтээжээ. Зураг авалтын саналыг хаанаас тавьсан бэ?
-Энэ клипний триллерийг нь цацсан. Би “Одоо хүртэл үзэж амжаагүй” байна. Бүрэн хэмжээгээр үзэгчдийн хүртээл хараахан болоогүй. Би Лос-Анжелест зар сурталчилгааны нэгэн компанитай хамтран ажилладаг юм. Хувийн менежерээрээ дамжуулан сурталчилгааны зураг авалтад оролцдог. Тэр л шугамаар энэ клипэд тоглосон.
-Таныг дэлхийн тулааны урлагийн аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга гэдгээр тань монголчууд андахгүй. Харин АНУ-д амьдарч, зар сурталчилгааны салбарт хүч үзэж байгааг тань тэр бүр мэдэхгүй. Америкт олон жил амьдарч байна уу?
-Би энд төвхнөөд найман жил өнгөрчээ. Японд амьдарч болох байсан АНУ-д суурьшин сурталчилгааны салбарт хүч үзэж байна.
-Сүмо бол Японы уламжлалт спорт. Монгол хүн энэ спортын төрлийг хилийн чинадад таниулаад явахад гадныхан гайхдаг уу?
-Гайхдаггүй. Америкт авьяас чадвартай хүнийг үндэс угсаагаар нь тэр бүр ялгаварладаггүй юм. Америкийн сурталчилгааны компаниуд төдийгүй жирийн иргэн манай улсыг Чингис хаанаар л мэддэг. Намайг ч бас тэгж хүлээж авдаг (инээв).
-Дэлгэцийн бүтээлд тоглох, сурталчилгаанд зураг авахуулахад хувь хүнээс багагүй авьяас шаарддаг. Тамирчин хүн урлагийн салбарт хөл тавихад юу нь хэцүү байв?
-Жүжиглэнэ гэдэг их хэцүү ажил. Тамирчин болоод ч тэр үү надад зураг авалтад орох хүндхэн даалгавар байсан. Тиймээс АНУ-д жүжигчний дамжаанд суралцсан. Одоо бол харин дүр бүтэхээс айхгүй болжээ.
-Та Холливудын уран бүтээлчидтэй найз нөхдийн харилцаатай гэсэн. Кинонд тоглох урилга авдаг л биз дээ ?
-Холливудад тийм ч олон найзгүй. Харин танилууд бол бий. Киноны урилга ирдэг л юм. Гэхдээ урилга аваад шууд зураг авалтад орно гэсэн үг биш. Шалгаруулалтад оролцсоны дараа агентлагаараа дамжуулж тоглох эсэхээ шийддэг.
-АНУ гэлтгүй олон оронд ажлын шугамаар зочилжээ. Ер нь хотоос хот дамжин зураг авалтад оролцоход тамирчин хүний бэлтгэл тасалдах үе гардаг уу?
-Тамирчин хүнд орчиндоо амархан зохицдог чадвар төлөвшсөн байдаг. Америк, Монголд гээд дэлхийн хаана ч бэлтгэл хийхэд онцын ялгаа байдаггүй. Хотоос хот дамжин зураг авалтад орохдоо түвэгшээж байгаагүй. Миний ажил шүү дээ. Жишээ нь би өчигдөр орой Лос- Анжелест байсан. Харин өнөө өглөө Мехикод чипсийн сурталчилгааны зураг авахуулж байна.
-“Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг” гэсэн. Цаашид эх орондоо ажиллаж амьдрах бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Би харийн нутагт хөдөлмөрлөдөг ч эх орноо зүрхэндээ тээж явдаг. Цөөхөн ч гэсэн амралтын өдрөө эх орондоо өнгөрүүлэхийг хичээдэг юм. Нутагтаа хоёр сар амраад саяхан ирсэн.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Зочин · 2014/10/23
Yasaa tabihaar irehiin gene lee