Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэх ажил зогсонги байдалд орж, 2012 оны арванхоёрдугаар сарын 20 хүртэл хэвлэгдээгүй.

Үүнээс болж хүмүүс маш их бухимдсан. Тэгвэл өнөөдөр ч гэсэн олон хүн үнэмлэхээ аваагүй хэмээн бухимдсаар байна. Тэд жолооны курсээ төгсөөд зургаан сараас нэг жил болж байгаа ч одоо болтол жолоодох эрхийн үнэмлэхээ аваагүй байгаа гэнэ.  Иймээс жолооны үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа эсэхийг Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн дарга, ахмад Г.Өлзийсайханаас тодрууллаа.

-Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа юу?

-Жолооны үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа хэвийн хэмжээндээ орж чадахгүй байгаа шалтгаан нь өнгөрсөн оны тавдугаар сараас арванхоёрдугаар сарын 25 хүртэлх хугацаанд хэвлэх ажил зогсноос болж маш их хуримтлал үүссэн. Арванхоёрдугаар сарын 25-наас жолооны үнэмлэхийг хэвлэж эхлэхэд 60 гаруй мянган хүний материал төвлөрчихсөн байсан. Үүний дээр өдөр бүр 500 материал нэмэгддэг. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэл өдөрт 500 материал гэж бодохоор маш их тоо гарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар бид 60 гаруй мянгыг хэвлэчихсэн байгаа.

-Өмнө төвлөрчихсөн байсан 60 гаруй мянган үнэмлэхээ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Яагаад гэвэл хэвлэж эхэлснээс хойш хаяж үрэгдүүлсэн, ангилал нэмүүлэх гэж байгаа, тэр дундаа манай байгууллага дээр өөрийн биеэр ирсэн хүмүүсийн жолооны үнэмлэхийг хэвлэсэн. Учир нь өөрийн биеэр авчирч өгсөн хүмүүст чирэгдэл учруулахгүйн үүднээс л дээ. Жолооны курсүүдийн материал хэвлэгдэхээрээ бөөнөөрөө гардаг болохоор хүмүүс төгссөн жолооны курсээсээ асуугаад авчих боломжтой. Харин өөрийн биеэр материалаа авчирч өгсөн хүмүүсийг дараа нь ирэхэд бэлэн байлгахгүй бол маш их чирэгдэл үүснэ. Өдөрт орж ирдэг 500 материалын 150-200 нь хаяж үрэгдүүлсэн байдаг.

-Хаяж үрэгдүүлсэн хүмүүсийн жолооны үнэмлэхийг хэвлээд байхаар жолооны курс төгссөн хүмүүсийн үнэмлэх маш ихээр төвлөрч байгаа юм байна. Хэзээнээс хэвлэх вэ?

-Тийм. Бид хаяж үрэгдүүлсэн хүмүүсийн үнэмлэхийг хэвлээд байсан чинь жолооны курс төгссөн хүмүүсийн үнэмлэх хүлээг­дэх болсон. Иймээс бид өнгөр­сөн дөрөвдүгээр сараас хаяж үрэг­дүүлсэн хүмүүсийн үнэмлэхийг хэвлэхээ зогсоож, түр үнэмлэх олгоод курсийн материал руу орсон. Одоо курсийн материал арваннэгдүгээр сард жолооны курсээ төгссөн хүмүүсийн үнэмлэхийг хэвлэж байгаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүний материал байгаа вэ?

-Одоогоор 30 гаруй мянган хүний материал байна. Дээрээс нь өнөөдөр 500 материал нэмэгдэнэ.

-Өдөрт хэчнээн үнэмлэх хэвлэдэг вэ?

-Жолооны үнэмлэхийг гурван машинаар хэвлэж байгаа. Уг нь техникийн боломж нь өдөрт 1000-аад үнэмлэх хэвлэх боломжтой. Гэтэл техник л юм хойно хөргөж амраах шаардлага гардаг. Хоёр цаг ажиллуулаад 15 минут амраах гэх мэт. Ийм маягаар ажиллуулсаар өдөрт 500-800 үнэмлэх хэвлэдэг. Одоо хэвлэж байгаа үнэмлэхүүд дотроо чиптэй, зөрчлийн систем гэх мэт бүх мэдээлэл багтаж байгаа учраас зарим зүйл нь гацах гээд янз бүрийн асуудал гардаг. Тэгэхдээ бид шалтгаан тоочихгүйгээр  чад­лаа­раа үнэмлэхээ хэвлэж байгаа. Ерөнхийдөө  ирэх зургаадугаар сар гэхэд бүх юм хэвэндээ орох учраас үнэмлэхээ аваагүй хүмүүсийг жаахан тэвчээртэй хандаарай гэж хэлмээр байна.

 

Ж.Баттуул