Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт оношилгооны төв нээгдлээ
2014/04/07
Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, төлөвлөлтөөр Ерөнхий сайдын багцаас 2014 онд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Оношилгооны төв” байгуулагдаж байгаатай холбоотойгоор Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг хуралдан шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ.
Тодруулбал, Ерөнхий сайдын багцаас ирэх тоног төхөөрөмжүүдийг байрлуулах шаардлагад нийцсэн өрөөнүүдийн засварыг хийж дуусган тоног төхөөрөмжүүдийг байрлууллаа. Мөн Улаанбаатараас ирсэн мэргэжлийн инженер тоног, төхөөрөмжийг суурилуулж, аппарат тоног төхөөрөмжийг ажиллуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулах сургалтад тоног төхөөрөмжийн инженер болон багаж тоног төхөөрөмж хариуцан ажиллах мэргэжилтнүүдийг хамруулав.
Оношилгооны төвийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, Аймгийн ИТХ-н дарга А. Дэлгэржаргал, ГАА-н Засаг даргын орлогч Д.Батсайхан, ЭМЯ-ны Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Даваадорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Гансүх, Эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд, Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Лхагважаргал нар уригдан, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Нээлтийн хүндэтгэлийн туузыг хайчлах ёслол” боллоо.
Бусад албан байгууллага, хувийн хэвшлийн 30 гаруй удирдлага, эрүүл мэндийн салбарын 140 орчим ажилтан албан хаагчид уригдан оролцож, “Оношлогооны төв”-ийн аппарат, тоног төхөөрөмж болон үйл ажиллагаатай танилцав.
Нэгдсэн эмнэлгийн дарга хэлэхдээ, Шинэчлэлийн засгийн газар, ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд орон нутгийн хүн амд чанартай аюулгүй, оношилгоо, эмчилгээ авах боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймгийг “Оношилгооны төв”-тэй болгох зорилтын хүрээнд манай аймагт 14 нэр төрлийн долоон багцын 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүд суурилуулан үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. Тус аймгаас жилд дунджаар 2000-2200 орчим хүн УБ хотод онош тодруулахаар явдаг бөгөөд эдгээрээс 700-800 орчим нь зайлшгүй шаардлагаар гурав дахь шатлалын эмнэлгүүдэд эмчлэгддэг байна. “Оношилгооны төв” байгуулагдсанаар иргэд цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэж байна.
Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний 2 хүний оношийг тодруулан дараагийн шатны эмнэлэгт шилжих шаардлагагүй, эмчилгээгээ эндээ шийдэж байна. Биохимийн анализаторт эхний өдөр 30 хүний шинжилгээг хийж үзүүлэлтийг гаргалаа.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа