Монголын кино урлаг хөгжиж байгаа.  Үүнд одоогийн уран бүтээлчид бүгдээрээ л хувь нэмрээ оруулж байгаа. Үзэгчид харин тэдний бүтээлийг сайн муу, сайхан муухайгаар нь дүгнээд өгчхөж байгаа.  Тэр ч утгаараа өнөөдөр Монголчуудад  чанартай, сайн уран бүтээл хүргэх нь  уран бүтээлчдийн хувьд үүрэг, хариуцлага болж байна. Тэгвэл кино театруудад гарч байгаа киног цөөн үгээр сонжицгоое.

“Зүрхээр наадагч”-  гоё нэртэй ч нилээн хэдэн киноны санааны Монголчилсон хувилбар.  Өнгө мөнгө,  хайр сэтгэлийг өгүүлэх энэ киноноос үзэгчдийн сэтгэлд хүрсэн зүйл олон байсан.  Тухайлбал жүжигчид чадварлаг тоглож,  Монголын сайхан байгаль, нийгэмд сайн сайхан бүхнийг бүтээх хэрэгтэйг уриалж байгаагаараа онцлогтой.

 

 

“Давхар цохилт”- Монголын олны танил нөхдүүдээр “зодсон” гэж хэлж болохоор энэ кинонд үзэгчдэд инээд бэлэглэх хэсгүүд байсаан байсан.  Гэхдээ  кинонд тоглосон ихэнх жүжигчид үнэхээр чадваргүй, маш муу тоглосон.  Монголын соёлын биет өвийг харж хамгаалахыг уриалснаараа “хөөрхөн” агуулгатай. Зохиолч, найруулагчаар нь хошин шогийн өндөр мэдрэмжтэй нөхөр ажилласан болохоор үзэгчдээс үнэлгээ авч чадсан.

“Сүүлчийн шөнө”- Төрийн соёрхолт найруулагч найруулж байгаа гэдэг утгаараа асар их хүлээлт, чанарыг хүсэн хүлээсэн үзэгчдийн  сэтгэлд хүрээгүй. Гэхдээ хүн төрөлхтний оршин байгаа учир,  уран бүтээлийн мөнхийн сэдэв хайр сэтгэлийг гаргасан гэдэг утгаараа цөөнгүй үзэгчийн сэтгэлд хүрсэн.

Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж

Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж

Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч

Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог гэдгийг яруу тодоор харуулсан уран бүтээл.  

“Тусгай ажиллагаа”- Кино зохиолч ховордсон үед  Д.Галбаяр аавынхаа шийрийг хатаахаар зохиол бичиж, найруулсан гэж байгаа. Архин далай, цэнгээнд хэтэрхий шунаад байгааг хөгжилтэй хэлбэрээр харуулсан  энэ кино үзэгчдэд инээд бэлэглэсэн.  Чадварлаг жүжигчдээр бөмбөгдөж,  чанарт анхаарсан нь илт байсан.  

 

 Дээрх кинонууд бүгдээрээ л танхим дүүрэн үзэгчтэй байгаа.  Өөнтөглөх зүйлтэй ч Монголын кино урлагт өөрсдийн сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэж байгаа уран бүтээлчдээсээ үзэгчид өшөө ихийг  хүлээж суугаа шүү... Өшөө чанартай уран бүтээлээр үзэгчдээ баясгаарай.