“Хөхөө Намжил” дуурийг хоёр өдөр тоглоно
2014/10/31
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Харин энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь байх юм. Энэхүү дуурийг шинэчлэн найруулан тавьж байгаа бөгөөд өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 1, 2-нд 17.00 цагаас тоглоно.
Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн энэ дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байсан аж.
Энэ удаа ССАЖЯ-ны Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ. Дуурийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн хэсгийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хийжээ. "Хөхөө Намжил" дуурийн шинэчилсэн тоглолтыг Ц.Мөнхболд удирдах юм байна. Гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр нар дуулах юм.