Олигархиуд Монголын төрийг басамжилж байна уу
2013/05/16
“Ардчиллаар” анархистууд гул барьж, “шударга ёсоор” олигархиуд тоглох болжээ. Ингэж хэлэх болсны учир гэвэл том эрх ашгийн төлөө төрүүлсөн эхээ нудрахаас ч сийхээ байсан “шинэ монгол баячууд” Монголд хулгайлж, хуурч авч болох юм бүхнийг ил, далд, элдэв аргаар хамсаар байгаад оршино.
Тэд төр түмний өмч байсан газрыг дуусаад, лицензийн наймаа, газрын бизнесээр уралдах болсон. Хураасан хумсалсан мөнгө нь Монголд багтаж шингээхээ байгаад алс холын Швейцарт, дэлхийн хөрөнгөтнүүдийн хөрөнгөө нуудаг банкинд нь нуудаг болсон байх жишээтэй. Саяхан УИХ-ын дэд дарга нь Швейцарийн банкинд нэг сая ам.доллартай гэдгийг гадныхан мөшгөсөөр гаргаад тавьчихсан байдаг. Гэтэл “шударга байцгаая” хэмээн уриалдаг Ерөнхийлөгч нь энэ мэтийг мэдсэн атлаа эс мэдсэн дүр үзүүлээд сууж байдаг. Олигархиудын иргэдээ бассан үйлдэл энэ мэтчилэн нэгээр бус, нэг хэсгээр хөвөрсөөр... Тэдний сэтгэл шунал хоёр нь тэгсэн ч ханахгүй төрийн албыг төрлийн бизнестэй чадмаг хослуулж, төрийн сайдын мутраар хувийн бизнестээ ногоон гэрэл асааж, тендерийг зувчуулсан шуугиан намжаагүй байна. Юун тулд үүнийг өгүүлэв гэвэл элдвийг амлаж иргэдийг хуурсан хэрэгт ч манай томчуудаас орооцолдсон байж болзошгүй тухай өгүүлэх гэсэн юм.
Хатан Туулын эрэгт, Хан Богдын хаяанд олон хороолол босож, манай баячууд томчуудаас эхлээд харьд хуруу хумсаа хуйлах шахаж хэдэн цаастай болсон иргэд, төрийн чинээлэг албан хаагчид тэр орчимд суурьших болсон. Тэдгээр хорооллын нэг болох “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллыг босгоно гэсэн эзэд хэдэн байр босгоод, гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад ацагласнаас маргаан дэгдээд байна. Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ хорооллыг анх “Суруга Монгол” хэмээх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани барихаар зураг төслийг нь гаргаж, манай Засгийн газартай гэрээ байгуулаад амжсан байгаа юм.
Туул голын ойролцоох энэ газрыг 2004-2007 онд “Суруга Монгол” компанид нийслэлийн удирдлагууд өгсөн гэх. Мэдээж цаана нь багагүй мөнгөний эрх ашиг байсныг үгүйсгэх аргагүй юм. Энэ тухай үл нуршин өгүүлэхэд “Суруга Монгол” ч яахав “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй хорооллын С1, С2, С3 барилгууд, мөн дээд зэрэглэлийн ресторанд тооцогдох “Гарден”-ыг барьж байгуулан, ашиглалтад оруулсан байдаг. Ингээд бэлэн болсон байруудыг иргэдэд худалдах ажлыг “Суруга Монгол”-ын охин компани гэгдэх “Монгол корпорэйшн” ХХК хийж гүйцэтгэжээ. Чингэхдээ энэ компанийхан иргэдэд “Дөрвөн улирын цэцэрлэг” хэмээх тансаг хорооллын дүрс макет, зураг төслийг үзүүлж, одоо зарагдаж байгаа С1, С2, С3 байруудын урд талд байгалийн үзэмжийг үл хаах, 2-3 давхар хаус-таун баригдана хэмээн баталж, зураг төслөө ч гэрээнд хавсаргажээ. Гэтэл өнөөдөр нөгөө амлаад байсан тухлаг тохижилт, сэтгэл сэргээм үзэгдэх байгалийн орчин үгүй болох аюул нүүрлэж, уг хорооллын иргэдийн бухимдал эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Учир нь “Хурд” хэмээх компани уг талбайд нь 15-22 давхар орон сууцны барилга барихаар хашаа барьж, сууриа ухаад эхэлсэн байна. Энэ нь аль ч талаас нь аваад үзсэн иргэдийг хууран мэхэлж, худал зураг төсөл үзүүлэн орон сууцаа зарсан хэрэг болж байгаа юм. Хэрвээ уг газарт ийм олон давхар барилга барина гэсэн бол иргэд энд байр авах байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Энэ хороололд амьдарч байгаа иргэдийн ихэнхи нь эрүүл агаар, Богдхан уулынхаа сэтгэл тэнийм үзэмжинд нь болж байр авсан гэдэг. Тэгэхээр энэ үзэгдэх орчныг нь хязгаарлаад олон давхар барилга барина гэдэг иргэдийн дээрх сонголтыг үл тоомсорлосон хэрэг яалт ч үгүй мөн билээ. Эл газар нь “Хурд” ХХК-ийнх биш, харин Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх “Суруга Монгол” ХХК-ийнх байсан гэдгийн нотолгоо нь тус компанийн захирал Ивата Цүёшигийн Монгол Улсын Сангийн сайд Н.Баяртсайхантай (АН-ын гишүүн) 2007 оны 07 сарын 22-ноос 2022 оны 07 сарын 26-ныг хүртэл хүчинтэй байх “Тогтвортой байдлын гэрээ” юм.
Тэгвэл энэ газар өнөөдөр ямар замаар “Хурд” ХХК-д шилжив. “Суруга Монгол” энэ газрыг хэрхэн аваад, яагаад шилжүүлэх болов. Энэ компани үнэхээр Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай нь үнэн үү? Тэгвэл охин “Монгол Корпорэйшн”-ий хэдэн хувь нь “Суруга Монгол”-ынх вэ? Энд манай улс төр-бизнесийн томчуудын ашиг сонирхол хэр гүн шургалсан бол? энэ мэтийн олон асуулт хариу нэхэж байна. Учир нь оршин суугчидтай ярилцаж байх явцад “Суруга Монгол”, “Монгол Корпорэйшн” компанийн ард Монголын нөлөө бүхий улстөрчид байдаг хэмээн ярих хүмүүс ч байлаа. Тухайлбал хэн бэ гэхэд, Ерөнхий сайд асан Сү.Батболд, тэр ч бүү хэл “Женко” Баттулга ч байдаг гэсэн гэх хүн ч таарсан. Харин “Хурд”-ын эзэн бол УИХ-ын гишүүн Чойжилсүрэн гэдгийг бүгд мэдэх байх. Тиймээс эрх мэдэлтнүүдийн эсрэг иргэн хүн ганцаар тэмцээд хүчин мөхөсдөнө гэж тэд үзсэн болохоор хамтран эрх ашгаа хамгаалахаар гарын үсгээ цуглуулсан байна.
“Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын С1 байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Долгормаатай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.
-Та нарыг энэ байрыг худалдан авахад хорооллын төлөвлөгөөг үзүүлж, гэрээндээ ч хавсаргасан гэсэн. Одоо энэ ба-рилга барих гэж байгаа талаар анх зарсан компаниас мэдээлсэн зүйл байна уу?
-Манайх энэ хорооллын ууган оршин суугчдын нэг. Биднийг анх байр авахаар уулзахад “Суруга Монгол” ХХК-ийн охин компани гэх “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан хорооллын өнгөт зураг төслийг үзүүлж, жигтэйхэн сайхан юм ярьсан. Манай гэр бүл ч нэгд, Богдхан уулын үзэмжит байгаль цонхоор харагдах орчинтой, хоёрт, эрүүл агаартай, гуравт, тохилог, бүх төрлийн үйлчилгээ бүхий жишиг хороолол босно гэж итгээд байр худалдан авсан. Энэ С1, С2, С3 байрны оршин суугчдын ихэнхи нь иймэрхүү шалтгаанаар энэ хороололд орсон байгаа. Гэтэл саяхнаас нөгөө төлөвлөгөө ч байхгүй, харин “Хурд” компанийнхан ирээд хашаа барьж, том, том суурь ухаад эхэлсэн. Энд ямар барилга барих гэж байгаа талаар бидэнд хэн ч, юу ч хэлээгүй. Ядахдаа анхны төлөвлөгөөгөө өөрчлөх болсон шалтгаанаа ч хэлээгүй. Мэдээж оршин суугчид үзэгдэх орчныг хязгаарласан 16-22 давхар орон сууцны барилгууд босно гэхэд дургүйцсэн. Гэрээнд тэгж заагаагүй учраас. Эхлээд бид “Суруга Монгол”, “Монгол Корпорэйшн” ХХК-ийнханд албан ёсоор хандаж, юу болоод байгааг тодруулахыг оролдсон. Тэгтэл тоймтой хариу өгөөгүй гэхэд болно. “Хурд” компанийн суурь ухах ажил үргэлжилсээр байсан болохоор бид нийслэлийн Засаг даргад ил захидал илгээж, НМХГ-т хүртэл хандаж үзлээ. Олигтой үр дүн гарахгүй, суурь ухах ажил одоо ч үргэлжилсээр байна. Тиймээс бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, энэ компаниудын өмчлөгч нарыг ил тод болгох, Монгол талаас оролцсон нөлөө бүхий улстөрчдөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хандах гэсэн нилээд хэдэн төрлийн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа. Тэгээд ч монгол хүн, энгийн иргэн эх орондоо эзэн байх боломжгүй болж байна гэж иргэний хөдөлгөөнийхөн ярихад “арай хэтрүүлж байна уу” гэж боддог байсан. Одоо харахад, үнэн юм байна. Манай энэ хороололд УИХ-ын гишүүд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, томоохон ТВ-ийн захирал, шинэчлэлийн Засгийн газрын сайд, соёл урлагийн гавьяатан гээд нэр хүнд бүхий олон хүн оршин суудаг. Тэдний нэр нөлөө, байр суурийг үл тоон ингэж дураар дургиж байгааг бодоход жирийн иргэн эрхээ хамгаалуулна гэж бүр байхгүй юм байна л даа. Иргэнээ дээдлэсэн нийгэм гэж үүнийг хэлэхгүй л байх гэсэн юм.
“Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын С1, С2, С3 байранд нийтдээ 300 гаруй айл өрхийн олон мянган иргэн амьдарч байна. Тэд бүгд Монгол Улсын иргэд. Монгол Улсын иргэн болохоор Монголын төрөөр хамгаалуулах Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй. Гэтэл “мөнгө улаан, нүд цагаан” болсон олигархиуд Монгол төрийг ийн дорд үзэж, иргэдийг нь басамжилж буйн нэгэн жишээг цухас дурдахад энэ бөлгөө. Энэ хэргийн учгийг цааш хөөж, хөшигний ард буй эздийг нь ил гаргахаар мөшгих нь зүйтэй гэж мөхөс бичигч би үзмой.
(Үргэлжлэл бий…)
Зочин · 2013/05/17
Za bolimo ym uhsenee hiij er ni ter baychuudad ene baigaliin bused gazar ugdug bnaa. Ali ali ni het shunal
hehe · 2013/05/17
MAN-gasnuud osniihoo hiisen nygliig bu***d naaj nyalzaah gej eldeveer oldohiin maa
Зочин · 2013/05/17
Энэ бол бүхэлдээ МАН-ынханы хийсэн бохир луйврын бизнес юм. Үүнийг бичигч Н.Баярсайхан гэдэг чинь МАН-ын засгийн газрын үеийн сангийн сайд гэдгийг та********сан уу , эсвэл мэдэн будилсан уу.Ийм авилгад идэгдсэн нөхдүүд төр барьж байлаа шүү дээ.
Зочин · 2013/05/17
Энэ бол бүхэлдээ МАН-ынханы хийсэн бохир луйврын бизнес юм. Үүнийг бичигч Н.Баярсайхан гэдэг чинь МАН-ын засгийн газрын үеийн сангийн сайд гэдгийг та********сан уу , эсвэл мэдэн будилсан уу.Ийм авилгад идэгдсэн нөхдүүд төр барьж байлаа шүү дээ.