“Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг” уриатай “ICT-EXPO 2013” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Яам, агентлаг, төрийн байгууллагууд дор бүрнээ мэдээллийн технологи хөгжүүлэх гэж төсөв хөрөнгө, хүн хүч зардаг ч үйлчилгээндээ дорвитой ахиц гаргаж чадахгүй байлаа.

Хүч тарамдсан энэ байдлыг өөрчилж, мэдээллийн технологийн сүлжээг нэг газраас удирдан хөгжүүлж эхэлсэн нь энэ салбарт хийсэн гол шинэчлэл” гэлээ. Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжсэн олон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар тандан судалгааны ажлаа Монгол Улс хэнээс ч хамаарахгүйгээр хийдэг болох асуудлыг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саналаа хүргэснийг Ерөнхий сайд дурьдлаа. Салбарын хөгжлийн дэмжсэн эдгээр бодлогын үр дүнд дэлхийн 200 гаруй улсаас мэдээллийн технологийн хөгжлийн түвшнээрээ манай улс 2012 онд 63 дугаар байрт жагсаж, үсрэнгүй хөгжилтэй зарим орны өмнө нэрлэгджээ.

Зөгнөлт киноноос л хардаг байсан мэдээллийн технологийн боломж, давуу талуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор 2005 онд анх тус үзэсгэлэнг санаачилж байсан бол одоо тэдгээрийг иргэд хэрэглээндээ хэдийнэ өргөн ашигладаг болсон. Гар утас, интернэт, компьютергүйгээр залуу үеийнхний амьдралын хэв маягийг төсөөлөх аргагүй болсон энэ үед “ICT-EXPO” үзэсгэлэн манайд нэвтэрсэн шинэ, шилдэг технологиудыг танилцуулдаг болсон байна.

 

Мэдээллийн технологийн дэд бүтцээ цаашид олон хэлбэрээр үр ашигтай ашиглах боломжтой. Үүнд ч төрийн бодлого чиглэж буйг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тодотгож, “Оюутолгой, Тавантолгойн орлогоос ч илүүг мэдээллийн технологийн салбарын хөгжлийн үр шимээр олох боломжтой, үүнд бид ажлаа чиглүүлж байна” гэсэн юм.

Төрийн хүнд суртлыг халж, нээлттэй, шуурхай, хариуцлагатай ажиллахын тулд мэдээллийн технологийг Шинэчлэлийн Засгийн газар өргөн ашиглаж байгаагийн нэг нь “11 11 төв”. Иргэдтэй олон сувгаар шууд харилцах, хүлээн авсан мэдээллээ холбогдох байгууллагуудад хүргэх, хандалт бүрийг алдалгүй хариулт өгч шийдвэрлэх гээд олон боломж бүрдүүлсэн энэ төвийн технологийн шийдэл энэ жил шилдгээр шалгарсан. Энэ өдрүүдэд “11 11 төв”-ийн операторууд үзэсгэлэнгийн танхимд ажиллаж, иргэдээс санал хүсэлт хүлээн авч байна.

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. “ICT-EXPO 2013”-д мэдээллийн технологийнхноос гадна энэ салбарын дэвшлийг ашигладаг олон чиглэлийн байгууллага оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, компьютер угсралт, түргэн шивэлтийн уралдаан зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээ зохиогдоно. “ICT-EXPO 2013” энэ сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.