Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг бол  Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ "Хунгийн сүүлчийн дуу", “Үхлийн симфони” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн. Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин  Р.Алтансүхийн бие  сүүлийн үед чилээрхэх болсон билээ. Цус харваж  эмчилгээ хийлгэж байсан  тэрбээр өдгөө гэрээрээ эмчлгээ хийлгэж байгаа гэнэ. Тэрбээр удахгүй Солонгос улсад шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх гэж байгаа бөгөөд  түүнд зориулан Монголын хошин урлагийнхан болон дуучин МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар хандивын тоглолт зохион байгуулах санааг гаргаж ажил хэрэг болгож байгаа  ажээ.

Хандивын тоглолт  2014 оны 11-р сарын 18-ны өдөр 19 цагт UB palace-ийн концертын их танхимд болох юм байна. Тоглолтод Монголын хошин урлагийн бүх хамтлаг,  МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар оролцох бөгөөд оролцох уран бүтээлчид цаашид нэмэгдэх гэнэ.

Хандивын тоглолт болох гэж байгаатай холбоотойгоор жүжигчин Р.Алтансүхтэй холбогдож биеийн байдлыг нь асуусан юм.  

- Таны биеийн байдал  ямар байна?

 - Гайгүй ээ гайгүй.Солонгост шинжилгээ өгөөд эмчилгээ хийлгэх гэж байгаа. Эмнэлгийн хэллэгийг нь бол тогтоосонгүй.  Бага зэргийн харвалттай гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байна.

- Хандивын тоглолт хийх санаачлагыг таны хувьд хэрхэн хүлээн авсан бэ?

- Манай хошин шогийнхон, дуучин МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа анх санаачлагыг нь гаргасан юм билээ.  Надад хэлэхэд нь их баярласан.  Одоо тоглолтын бэлтгэл ажил хийгдэж байгаа.

- Уучлаарай таныг сэхээнд ортлоо муудаж, нүд тань юм харахаа больсон гэж байсан?

- Янз бүрээр бичдэг л юм. Ах нь нэг их тоодоггүй ш дээ.

- Тодруулга өгсөнд баярлалаа.