Реппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийг хурц, ширүүн үг дуунуудаар нь хүмүүс андахгүй. Харин залуус түүнийг урлагийн тайзан дээр ч, чөлөөт цагаараа ч ориг пүүзээр гангардгийг нь сайн мэднэ. Түүний ориг пүүзнүүдийн талаар сонирхохоор энэ удаагийнхаа зочноор урьсан юм.

-Таны шулуун, шийдэмгий хурц өнгө аястай дуунууд олны анхаарлыг татдаг. Үүний зэрэгцээ таны өмсдөг брэнд пүүзнүүд залуусын нүдийг хужирладаг. Ер нь пүүз таны гангараа юу, хэрэглээ юү?

-Аль аль нь гэж ойлгож болно. Пүүз хөлд эвтэйхэн хамгийн гоё гутал. Тийм болохоор өдөр тутамдаа, гангараанд ч өмсдөг.

-Хаанаас худалдан авдаг вэ?

-Би бүх пүүзээ АНУ-аас авсан. Бага байхын л пүүз сонирхдог байсан. АНУ-д суралцаж байхдаа пүүзийг улам ихээр сонирхох болсон. Тэгээд л миний байнгын хэрэглээ болсон доо.

-Монголдоо ирээд жил болчихлоо. Энэ хугацаанд пүүз худалдан авсан уу?

-Үгүй ээ.

-Яагаад?

-Ажлын шаардлагаар бараг өм­сөхгүй байгаа. Би АНУ-д дотоод заслын чиглэлээр сурал­цаж төгссөн. Одоо эх орон­доо мэргэжлээрээ ажиллаж байна. Эрхэлдэг ажлаас болоод өмсдөг хувцастай зохицохгүй учраас Монголд ирээд пүүз нэмж худалдан аваагүй. Гэхдээ пүүзнүүд маань байгаа л даа. Хааяа чөлөөт цагаараа өмсөх дуртай.

-Ямар брэндийн пүүзнүүдийг онцлон худалдан авдаг вэ?

-Nike, Adidas.

-Яагаад. Өөр брэндийн пүүз бий юү?

-Байхгүй. Энэ хоёр брэндээр дагнасан. Угаасаа ч дэлхийд нэг, хоёрдугаарт эрэмбэлэгддэг брэнд шүү дээ. Чанар, загвар, хөдөлгөөний аюулгүй байдал гээд бүгд хангагдсан.

-Цуглуулгад чинь хэчнээн пүүз байна. Тэр дундаас хамгийн онцгойг нь дурдвал?

-50-60 пүүз бий. “Жордан-1”-ээс эхлээд “жордан-23” хүртэл байдаг. Пүүз сонирхогчдын хувьд тэднийг бүгдийг цуглуулах нь мөрөөдөл байдаг. Үүнийг би гүйцэлдүүлж бүгдийг нь цуглуулсан. Энэ бол миний хувьд ч хамгийн нандин, бас өмсөх дуртай пүүзнүүд. Одоо өөр пүүз сонирхвол хүүхэд байхдаа өмсч байсан классик загварыг онцолно. Түүнээс биш, сүүлийн үеийн пүүзнүүд бүгд жорданг дуурайлган хийсэн, ижил загварууд болсон байна билээ.

-Хэр их мөнгө зарцуулдаг вэ?

-Байнга өмсдөг байхдаа их зарцуулдаг байсан. Хүн ер нь дуртай, хайртай зүйлдээ мөнгө зарцуулахдаа харамладаггүй. Зарцуулсан хойноо ч харамсдаггүй шүү дээ. Пүүзийг цэмбэгэр өмсье гэвэл бүр их мөнгө зарцуулна. Яагаад гэвэл пүүзийг зөв арчлахгүй бол дорхноо өнгө зүс, хэлбэрээ алддаг. Халтартуулж, хэлбэрийг нь алдуулж өмсвөл үнэтэй, брэнд пүүз өмсөх хэрэггүй шүү дээ. Тиймээс цэвэрлэгээ, арчилгаанд нь хүртэл их мөнгө зардаг.

-Хамгийн үнэтэй пүүз тань хэдэн төгрөг вэ?

-Сүүлийн жил гаруй хугацаанд пүүз худалдаж аваагүй болохоор сайн санахгүй л байна. Гэхдээ ойролцоогоор сая гаруй төгрөг болов уу.